Аргентины төлөөлөгчид МУИС-д айлчиллаа

Share Button

Бүгд Найрамдах Аргентин Улсаас Бээжин хотод суугаа ЭСЯ-ны Улс төрийн хэлтсийн дарга ноён Родриго Малэа, эдийн засгийн хэлтсийг төлөөлж ноён Мартин Палацио Жаракимада нар 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр МУИС-д айлчиллаа. Зочдыг ГХЯ-ны Америк, Ойрхи Дорнод, Африкийн газрын атташе Ц.Өнөржаргал дагалдав. Аргентины тал цаг зав гарган хүлээн авч буйд нь МУИС-ийн захирал Д-р. Я. Төмөрбаатарт талархлаа илэрхийлээд хоёр улсын хооронд боловсрол, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцохоор ирсэн талаар дурдав. Аргентин улс нь боловсролын салбарын олон улсжилтад анхаарал хандуулан ажиллаж буйг ноён Родриго Маэа онцлоод тус улс нь тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх мэдээллийг онлайнаар нээлттэй түгээж буй талаар ярилаа.

Мөн түүнчлэн тэрээр хоёр улсын ГХЯ-ны дэмжлэгтэйгээр монгол, аргентины эрдэмтэд зохиол бүтээл орчуулах ажил дээр хамтран ажиллах боломж байгааг хэлэв.

МУИС-ийн захирал Д-р Я.Төмөрбаатар аргентины зочдод хүрэлцэн ирсэнд нь талархлаа илэрхийлээд МУИС-ийн талаар болон гадаад хэл, орон судлал (испани хэл) хөтөлбөрийн талаар тодорхой мэдээлэл өглөө. Гадаад хэл, соёлын сургуулийн Франц-Роман хэлний тэнхим 2003-2004 оны хичээлийн жилээс Испани хэл, орон судлалын мэргэжлээр элсэлт авснаар МУИС-д испани хэлний бакалаврын түвшний сургалт эхэлсэн бөгөөд  2007, 2011, 2015 онуудад испани хэл, орон судлал мэргэжлээр нийт 35 оюутан төгсөөд байна. МУИС 2011 онд Олон улсын испани хэл, соёл судлалын багш нарын холбоонд гишүүнээр элсжээ. 2015 онд МУИС-ийн ШУС-ийн Европ судлалын тэнхим “Испани хэл, соёл судлал” сэдэвт ЭШХ зохион байгуулж испани хэлт орнуудад томилогдон ажиллаж байсан дипломат ажилтнууд, 1950 оноос хойш БНКУ-д төгссөн орчуулагч болон бусад салбарын мэргэжилтнүүд, хуучны ЗХУ-д суралцаж төгссөн хэл судлаач, орчуулагч нар болон МУИС-ийн испани судлалын төгсөгчид оролцохын зэрэгцээ манай сургуулийн уран зохиол, антропологи, олон улсын харилцааны мэргэжлийн тэнхимийн багш нар илтгэл хэлэлцүүлэн оролцсон талаар захирал Д-р Я. Төмөрбаатар ярьсан нь зочдын сонирхлыг ихэд татлаа.

Аргентины тал Монгол улсын ХХАХҮЯ-тай хамтран малын халдварт өвчнийг бууруулах төсөл амжилттай хэрэгжүүлж буйг дурдаад МУИС-ийн эрдэмтэн, судлаачид эдгээр төслүүдэд хамтран ажиллах боломж бийг хэлэв.

Захирал Я.Төмөрбаатар Аргентин улстай хамтарч ажиллах бусад олон талбарууд байгааг онцлов. Тухайлбал, тус улсдаа төдийгүй дэлхийд алдартай Буэнос Айрэсийн их сургуультай хамтран ажиллах санал дэвшүүлэх, Испани хэлтэн их дээд сургуулиудын холбоогоор дамжуулж олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, латин-америкийн орнуудад анхны Монгол судлалын төв нээх боломжийг судлах, спортын тодорхой төрлөөр дасгалжуулагч солилцох, МУИС-д испани хэл соёлын төв байгуулах талаар санал солилцож ажиллах зэрэг цаашид хамтран ажиллах тал дээр МУИС-ийн тал бэлэн буйгаа уулзалтын төгсгөлд илэрхийлэв.

Уулзалт испани-монгол хэлээр явагдсан бөгөөд орчуулагчаар МУИС-ийн Европ судлалын тэнхимийн Испани хэлний багш Б. Пүрэвсүрэн ажиллалаа.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар