МУИС-ийн дэд профессор, сэтгүүл зүйн доктор, нэрт сэтгүүл зүй судлаач, орчуулагч Ч.Чойсамбын нэрэмжит “Сэтгүүлчийн ур чадвар”-ын олимпиад боллоо. МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимээс зохион байгуулсан анхдугаар олимпиадад сэтгүүл зүйн долоон их, дээд сургуулийн 85 оюутан мэдлэг ур чадвараа сорьжээ. Оролцогчид өгөгдсөн сэдэв, материалыг ашиглан эссэ бичих, найруулга зүйн алдаатай бичвэрүүдийг засах, мэдээ бичих даалгавруудыг гүйцэтгэсэн байна.
Нэгдүгээр байрт МУИС-ийн IV түвшний оюутан Б.Золцагаан, хоёрдугаар байрт МУБИС-ийн III түвшний оюутан Ц.Янжиндулам, гуравдугаар байрт МУИС-ийн IV түвшний оюутан Б.Сарангэрэл нар шалгарч мэдлэг, ур чадвараараа тэргүүлжээ. Тусгай байрыг ХУИС-ийн II түвшний оюутан М.Норжинсүрэн, МУИС-ийн IV түвшний оюутан Б.Баярцэцэг нар эзэлсэн байна.
Шагналт байрын оюутнуудыг Ч.Чойсамба агсны номууд болон өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнажээ. Мөн тэргүүн байрт шалгарсан оюутныг “Үндэсний шуудан” сонин, “Mongolian Mining Journal” сэтгүүлд ажиллах эрхийн бичгээр шагнасан байна.
Сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготой тус олимпиадыг жил бүр зохион байгуулах аж.