Японы Окаяма Их сургууль нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн боловсролыг хөгжүүлэх чиглэлээр Ази тив дэх ЮНЕСКО-гийн анхны тэргүүлэгч их сургуулиар сонгогдсон бөгөөд “2030 он хүртэлх ТХБ”-ын бодлогын боловсруулалтыг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ боловсролын хөгжлийн төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор боловсрол, судалгаа, нийгмийн хандивын арга хэмжээг явуулж байна. Энэ үйл ажиллагааныхаа хүрээнд Монгол Улсын Их Сургууль, Монголын Эдийн Засаг, Хүрээлэн Буй Орчны Судалгааны төвтэй хамтран 2019 оны 7-р сарын 14-21 хооронд Окаяама Их Сургууль дээр Дорнод, Хөвсгөл, Дархан, Улаанбаатар хотын ЕБС-ийн удирдлага багш нар, их дээд сургуулийн багш нараас бүрдсэн багт “Тогтвортой Хөгжлийн Боловсролын сургагч багш нарын сургалт”-ыг зохион байгуулсан.
Сургалтад оролцсон багш нарын үйл ажиллагааны явцтай танилцахаар Окаяама Их Сургуулийн харъяа Тогтвортой Хөгжлийн Боловсролын төвийн төлөөлөл 2020 оны 1 дүгээр сарын 13-17 хооронд МУИС-д хүрэлцэн ирж ажиллалаа.
Япон улсын Окаяама их сургуулийн профессор, “Тогтвортой хөгжлийн боловсролын төв”-ийн захирал Хироки Фүжи “Innovative Lesson Plans in Creating Asia-Pacific ESD Teacher Competency Framework”, “Innovative Lesson Plans in Japanese Good Practice of Science Lesson incorporating ESD” лекцээ эрдэмтэн, багш нар, оюутнуудад нээлттэй уншиж, МУИС-ийн Экологийн Боловсролын Төвд зочилж сургалтын үйл ажиллагаатай танилцаж сургагч багш нарын тайлантай танилцаж, хичээлд ажиглагчаар оролцов.
МУИС, МУБИС хамтарсан “Боловсролын бодлого, бодлогын шинжилгээ” эрдэм шинжилгээний хуралд Окаяама Их Сургуулийн дэд профессор Хироко Шибакава “Study on the Structure of Educational Practice to Promote the Formation of ESD Communities of Practice: Implications from Service Learning Cases in Okayama” сэдэвт илтгэл урилгаар хэлэлцүүлсэн юм.
МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн дэд захирал, доктор, профессор Ц.Амартайван, Япон улсын Окаяама их сургуулийн профессор, “Тогтвортой хөгжлийн боловсролын төв”-ийн захирал Хироки Фүжи нар ТХБ-ийн хүрээнд багш нарын эрдэм шинжилгээний ажил, заах арга, ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор хамтран ажиллах 5 жилийн үйл ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Ингэснээр дурдсан зорилгын хүрээнд хоёр сургуулийн хооронд хамтарсан эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулах, судалгаа шинжилгээний ажил хийх, багш нарыг харилцан урьж ажиллуулах, багш оюутан солилцож сургах зэргээр хамтран ажиллах өргөн боломж нээгдэж байгаа юм.
Хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвх санаачилга гаргаж ажилласан ШУС-ийн захиргаа, хамтын ажиллагааны хэлтэс, Физикийн тэнхимийн багш нарт талархал илэрхийлье. Тогтвортой Хөгжлийн Боловсролын бодлогын хөгжил дэвшлийн төлөө бусдыг үлгэрлэн, идэвхи санаачлага, үр бүтээлтэй түгээн дэлгэрүүлэн ажиллаж байгаа бүх багш нартаа дахин талархаж байгаагаа хэлье.