Баян-Өлгий аймгийн МУИС-ийн төгсөгчдийн холбоо байгуулагдлаа

Share Button

2012 оны 9-р сарын 23-наас 26-ны хооронд МУИС-ийн Баян-Өлгий аймагт төгсөгчдийн холбоо байгуулахаар ГХСС-ийн захирал доктор Д. Бадмаанямбуу, Франц-Роман судлалын тэнхимийн эрхлэгч Б. Алтангүл нар албан томилолтоор ажиллаад ирлээ.

Баруун хязгаарт орших олон ястан, үндэстний өлгий нутаг болсон Баян-Өлгий аймагт ажиллаж амьдарч буй МУИС-ийн үе үеийн төгсөгчид тус аймгийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байгаа бөгөөд  орон нутгийн удирдлага, тамгын газар, боловсрол, соёл, банк санхүү, шүүх, татварын алба, сургууль, мэргэжлийн сургууль, эрдэм судлалын ажилд онцгойлох үүргийг гүйцэтгэж байна.

МУИС-ийн төгсөгчдийн хурлыг 2012 оны 09-р сарын 25-ны өдрийн 19 цагт Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын зааланд хийв. Хуралд 1957 оны төгсөгч малын гавьяат эмч А. Шавдан, 1962 оны төгсөгч хүний гавьяат эмч С. Абдихадир, 1974 оны төгсөгч гавьяат багш В. Сүрэнхүү, 1965 оны төгсөгч Б. Хурметбай, 1966 оны төгсөгч З. Кэнган, 1973 оны төгсөгч А. Пионер, 1975 оны төгсөгч Бердимурат гээд ахмад үеийнхэн, Р. Абижат, Х. Зоя, К. Сагай, Т. Тогтархан, Х. Зауре, К. Бибигүл, А. Болатхан, К. Имаммагзам зэрэг дунд үеийнхэн, залуу үеийн Ж. Аршагүл, Д. Назгүл, Х. Хуатхан, Я. Дина, Н. Манаргүл, Г. Урантуяа, А. Серикболат, А. Еркегүл, Заманбек зэрэг үе үеийн төгсөгчид идэвхтэй оролцов.

Хурлыг ГХСС-ийн захирал Д. Бадмаанямбуу нээж үг хэлж МУИС-ийн өнөөгийн байдал, хэтийн зорилго зорилт, үеийн үеийн төгсөгчдийн холбооны ач холбогдол, тус холбоо МУИС-тай хэрхэн хамтарч ажиллаж болох тухайд саналаа хэллээ. Дараа нь гурван гавьяат үг хэлж залуу, дунд үеийнхэнд дурсамжаа ярьж эрдмийн уурхай болсон МУИС-ийг төгсөж ажил амьдралын гараагаа эхэлж өдий зэрэгтэй хүрсэнээ үеийн үеийн алдарт багш, удирдлагад чин сэтгэлээсээ талархаж явдгаа дамжуулахыг хүссэн юм.

1981 оны төгсөгч Р. Абижат “Аливаа газрын ойн баяр гэдэг нь санан дурсах, бахархан дурсах, эргэн дурсах, ирээдүйгээ харах цаг” байдаг хэмээн хэлсэн нь цугласан олны сэтгэлийн учгыг хөндсөн үг байлаа. А. Шавдан “Анх Өлгийгөөс Улаанбаатар хотод оюутан болоод машинаар 30 хоног аялсан, монгол хэл мэдэхгүй тул Савранбаевийн Орос-Казах толь ашиглаж байсан”, В. Сүрэнхүү “Чой. Лувсанжав, Чойжилсүрэн багш нараас номын авшиг хүртсэн” зэрэг сайхан дурсамж ярьж, МУИС-ийг төгсөннөөрөө бахархдаг, сургалт нь чанартай, хүмүүнлэг хэмээн сайшаалын үг хэлж хандив өргөхөө ч өгүүллээ.

Баян-Өлгий аймагт ажиллаж, амьдарч буй МУИС-ийн төгсөгчдийн холбооны тэргүүнээр 1982 оны онолын физикийн ангийн Сүхбаатарын цалинт төгсөгч Бастама ахлах сургуулийн захирал А. Болатханыг, 4-р сургуулийн англи хэлний багш Ж. Аршагүлийг нарийн бичгийн даргаар, ЗДТГ-ын боловсрол хариуцсан мэргэжилтэн Р. Авижат, гавьяат багш В. Сүрэнхүү, 2-р бага сургуулийн захирал, багш К. Сагай, 3-р ахлах сургуулийн захирал, багш С. Түрлэн, боловсролын газрын мэргэжилтэн Т. Тогторхан, багшийн коллежийн захирал, доктор Х. Едилхан, хуульч К. Өрен, хуульч  С. Өмирбек, боловсрол соёлын газрын ажилтан А. Еркегүл, эрчим хүчний газрын ажилтан Заманбек нарыг тэргүүлэгчдээр тус тус санал нэгтэй сонгов.

ГХСС-ийн захирал Д. Бадмаанямбуу Баян-Өлгий аймгийн төгсөгчдийн холбооны тэргүүн А. Болатханд ойн баярын урилгыг гардуулан, МУИС болон төгсөгчдийн холбооны хамтын ажиллагаанд ажлын амжилт хүслээ.

Баян-Өлгий аймгийн МУИС-ийн төгсөгчид ууган сургуулийнхаа 70 жилийн ойн халуун мэндийг хамт олондоо хүргэж, цаашдын ажил үйлст нь амжилт хүсэн, ууган тэргүүлэх сургууль хэвээрээ яваасай хэмээн ерөөснийг энэ ялдамд та бүхэнд уламжилья.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар