Коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх “Корона хаалт”-ыг МУИС-ийн захиргаа, үйлчилгээний ажилтнуудад зориулан авлаа

Share Button

Коронавирусийн дэгдэлтийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх шуурхай арга хэмжээний хүрээнд амны хаалтын олдоц муу үед Японы Улсын энгийн боловч олон асуудлыг бодолцсон нүүрний корона хаалтыг Монголд үйлдвэрлэж түгээх санаачилгыг дэмжиж Монгол Улсын Их Сургууль захиргаа, үйлчилгээний ажилтнууддаа зориулж худалдан авлаа.

Энэхүү корона хаалтыг нэг удаагийн амны 2 ширхэг хаалтын үнээр худалдан авч (сүүлийн үеийн нэмэгдсэн үнээр тооцвол) нэлээд хугацаанд арчиж ариутгаад хэрэглээд байх боломжтой. Доогуураа задгай харагдах хэдий ч амнаас гарах халуун агаар доошоо чиглэх тул гаднаас вирус нэвтрэх эрсдлийг бууруулдаг байна. Голомтын бүсэд ажиллаж байгаа эмч нар тус корона хаалтыг амны хаалт дээрээ давхар зүүж хэрэглэж байгаа юм.

Япон хэл дээр гарсан мэдээний орчуулга

Доктор Накамацүгийн Коронахаалт “Супер М.Е.N”

Эдүгээ 91 нас сүүдрийг зооглож буй доктор Накамацү 2-р сарын 14-нд шинэ төрлийн коронавирусын томуугаас хамгаалах зориулалттай коронахаалт “Super M.E.N”-ийг зохион бүтээснээ Токио хотноо зарлав. Түүний шинэ бүтээл болох коронахаалт нь нүүрийг бүрэн хаасан тунгалаг плёнк бүхий гагнуурын багтай адил хэлбэртэй юм. 1820 иен гэж байгаа нь нэлээд үнэтэй хэрэг боловч резинээр толгойдоо бэхлэх учир ам, хамарт шууд хүрэлцэхгүй агаад олон дахин хэрэглэдэг болохоор харин ч хямд төсөр гэж тайлбарлав. Эрүүний доод хэсэг нь онгорхой боловч “Агаар дуслын замаар халддаг томууны тохиолдолд вирус эрүүний доороос үсэрч орохгүй нь ойлгомжтой” гэж инээмсэглэн хариулж байлаа. Мөн тэрбээр цааш нь даавуун маскыг “Нэхмэл эд тул нэхээсээр нь вирус ордог. Эмч нарын зүүдэг тусгай маск 70 хувийн л баталгаатай. Үлдсэн 30 хувь нь ам, хамраар нэвтэрч л байдаг. Маск олноор нь авах нь ч утгагүй” гэж шүүмжлэв. Мөн “Маск зүүсэн хүний яриа сайн сонсогддоггүй, эмэгтэйчүүдийн уруулын будаг масканд наалддаг гээд олон дутагдалтай тал бий. Энэ бүх дутагдлыг арилгахын тулд би шинэ хаалт зохион бүтээсэн юм. Маск ам, хамрыг таглавч нүдийг хамгаалж чадахгүй. Нүд гэдэг хамраар дамжин хоолойд хүрдэг учир хамгаалах ёстой. Коронахаалт нь нүдээр дамжсан халдвараас бүрэн сэргийлнэ” гэж тэрбээр өгүүлэв.

2020 оны 2-р сарын 14-ний “Никкан спорт” сонины вэб хуудаснаа.
https://www.nikkansports.com/m/general/nikkan/news/202002140000949_m.html