Японы Нагояагийн их сургуулийн захирал Хамагүчи тэргүүтэй төлөөлөгчид МУИС-д зочилж, захирал С.Төмөр-Очиртой уулзав. Арлын улсаас ирсэн гийчид МУИС-тай хууль зүйн чиглэлээр амжилттай хөгжиж ирсэн хамтын ажиллагаагаа сайшаан дурдаад цаашид байгалийн шинжлэлийн салбар тэр дундаа цаг уурын мэргэжилтэн бэлтгэх, сургалт судалгааг өргөжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэхээ илэрхийллээ. Энэхүү саналыг МУИС-ийн удирдлага талархан хүлээн авч, эдийн засгийн зарим сектор нь байгаль цаг уурын хараат байдалд оршдог манай улсын хувьд энэ чиглэлийн хөтөлбөр хэрэгжих нь чухал ач холбогдолтой болохыг онцоллоо. Түүнчлэн захирал С.Төмөр-Очир МУИС-ийн байгалийн шинжлэх ухааны салбарт орчин үеийн лаборатори дутагдалтайн улмаас ялангуяа биологи, биохимийн судалгаа, шинжилгээг Нагоягийн их сургуулийн материаллаг баазад түшиглэн хийх боломжийг бүрдүүлж өгөхөд дэмжиж ажиллахыг Японы талаас хүсэв. Ийнхүү хоёр тал 2005 онд үзэглэсэн хамтын ажиллагааны гэрээний агуулгыг цаашид шинэ шатанд гаргах шаардлагатай байгааг харилцан хүлээн зөвшөөрөв.
Нагояа нь Японы эзэн хааны ивээлд багтаж явдаг 7 их сургуулийн нэг бөгөөд сүүлийн жилүүдэд боловсролын салбарт улсдаа тэргүүлэх зэрэглэлд орсныг 2008 онд 3 багш нь хими, биологийн чиглэлээр Нобелийн шагнал хүртснээс харж болно.