2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын Их Сургууль болон “Монгол Коосэн” Технологийн Коллеж (МКТК)-ийн хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа боллоо. Үйл ажиллагаанд МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, Хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын хэлтсийн дарга Н.Пүрэвцогт, Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ш.Мэндбаяр, мэргэжилтэн Б.Ганбат болон МКТК-ийн гүйцэтгэх захирал М.Сэргэлэн, сургалтын менежер П.Оюунцэцэг, оюутны менежер Г.Өлзийнаран, Карьер төвийн ажилтан Ж.Уранцоож, Гадаад харилцааны ажилтан Г.Баяржаргал нар оролцов.
Үйл ажиллагааны үеэр талууд сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, эрдэмтэн багш судлаачдыг чадавхжуулах, үр дүнтэй, харилцан туршлага солилцохыг зорилго болгон хамтран ажиллахаа мэдэгдлээ.
Энэхүү санамж бичгийг байгуулснаар хамгийн эхний ээлжинд МКТК-ийг төгссөн төгсөгчдийг МУИС-д ижил чиглэлийн хөтөлбөрт нь үргэлжлүүлэн суралцуулах үйл ажиллагаа хэрэгжих юм.
2019 оны 8 дугаар сарын 27-нд “Монгол Улсын Их Сургуульд Технологийн коллеж төгсөгчийг суралцуулах түр журам”-ыг баталсан билээ. Энэхүү журмын хүрээнд өнгөрсөн жил Шинэ Монгол Технологийн Коллеж болон МУИС хоёр хамтран ажиллах санамж бичиг байгуулж, ШМТК төгссөн төгсөгч МУИС-д 3-р түвшингээс үргэлжлүүлэн суралцаж эхлээд байгаа билээ.
Хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын хэлтэс