МУИС нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд, түүнчлэн хөгжилд чиглэсэн соён гэгээрүүлэх нийгмийн үйлчилгээг бүх талаар өргөжүүлэх гэсэн Стратегийн зорилго, зорилтын хүрээнд биеийн тамир, спортын болон бүх нийтийн эрүүл мэндийн боловсролд онцгойлон анхаарч ажилладаг бөгөөд энэ чиглэлд тухайлан сургалт, судалгаа, эрдэм, шинжилгээний ажил эрхэлдэг Монголын Үндэсний Олимпын Академитай хамтын ажиллагааны гэрээ байгуулж хамтран ажиллахаар боллоо.
Арга хэмжээнд МУИС-ийн талаас Сургалт, Оюутан хариуцсан дэд захирал Д.Бадмаанямбуу, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсал, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Г.Мөнхбаяр, Биеийн тамирын тэнхимийн эрхлэгч Л.Эрдэнэпүрэв болон тэнхимийн эрдэмтэн багш нар оролцсон бол МҮОА-ийн талаас Академийн Ерөнхийлөгч Ч.Зоригтбаатар, тэргүүлэгч гишүүн Б.Буяндэлгэр тэргүүтэй төлөөлөл оролцлоо.
МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсал арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ: “Энэ жил Монголын тамирчдын болон Олимпын өдөр нь цар тахлыг хамтдаа хичээж даван туулахыг зорин, Идэвхтэй, Хүчтэй, Эрүүл байя! уриан дор цахим хэлбэрээр өрнөж байгааг манай хамт олон талархан хүлээн авч, уриалгад нэгдэн оролцохоо мөн эмэгтэйчүүдийн 3х3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багт МУИС-ийн 2 оюутан, тамирчин багтаж Олимпид оролцох эрхээ авсан нь МУИС-ийн хамт олны бахархал, биеийн тамирын тэнхимийн багш нарын сургалт, судалгааны нөр их хөдөлмөрийн үр шим юм” хэмээн баяр хүргэж, хамтын ажиллагаанд амжилт хүссэн бол, МҮОА-ийн талаас Академийн Ерөнхийлөгч Ч.Зоригтбаатар хэлсэн үгэндээ гэрээгээр “Олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, түүний шинжлэх ухаан, нийгмийн болон боловсролын онол, арга зүй, үндсэн зарчмуудыг судлан сурталчлах зорилго бүхий олимп судлалын төвийг МУИС-д түшиглэн хамтран байгуулах, олимпизм болон биеийн тамир, спортын чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг, олимпын өдрийг хамтран зохион байгуулах, олимп судлалын чиглэлээр суралцах сонирхолтой ахисан түвшний суралцагчдад судалгааны арга зүйн болон мэдээллийн туслалцаа үзүүлэх зэрэг чухал ажлуудыг хамтран хэрэгжүүлэх болсонд баяртай байгаагаа илэрхийллээ.