МУИС-ийн багш, оюутнууд хамтран гарааны компани байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Багш, оюутны стартап 2,0” хөтөлбөрт оролцож буй “НИРГЭ СИСТЕМС” багийн “CLOUD PRINT” хэвлэлийн үйлчилгээний системийг туршиж, хэрэглэгчдэд танилцуулах зорилготой өдөрлөгийг 2020 оны 8 дугаар сарын 1,2-ны өдрүүдэд МУИС-ийн номын санд амжилттай зохион байгууллаа.
Тухайн багийн дэвшүүлж буй систем нь ажлын бус цагаар (өглөө эрт эсвэл орой) бие даалт болон бусад ажлын тайлангаа хэвлэх хэрэгцээ шаардлага гардаг оюутнуудад чиглэсэн үйлчилгээ үзүүлдэг нь шинэлэг бөгөөд ач холбогдолтой юм.
Тухайн хэвлэлийн үйлчилгээний систем нь энгийн болон онлайн гэсэн хоёр горимтой бөгөөд хэрэглэгч нь өөрөө өөртөө үйлчилдэг. Хэрэглэгч “CLOUD PRINT” хэвлэлийн үйлчилгээний системийн энгийн горимыг сонговол USB флаш дискийг холбож эсвэл онлайн горимыг сонговол www.cloudprint.mn сайтад хандан хүссэн файлаа хэвлэх боломжийг олгож байна. Тухайн хэвлэх үйлчилгээний системийн онлайн горим нь 24 цаг нээлттэй байх учир хэрэглэгч хүссэн цагтаа, хаанаас ч “CLOUD PRINT” системийг ашиглан хэвлэх үйлчилгээг авах боломжтой.
Тус өдөрлөгт “НИРГЭ СИСТЕМС” багийн удирдагч багш: ХШУИС-ийн дэд профессор, Д-р. Д.Номин-Эрдэнэ, багийн ахлагч Т.Төгөлдөр МУИС-БС, МУИС-ХШУИС, багийн гишүүд С.Бүдрагчаа, МУИС-ХШУИС, Л.Сүхбат МУИС-ХШУИС, З.Цолмон МУИС-ХШУИС, Ц.Түвшинжаргал МУИС-ХШИУС, Б.Саруул МУИС-БС, У.Азжаргал МУИС-ХЗС нар болон МУИС-ийн инноваци технологи дамжуулах төв хамтарч ажиллалаа.