ДАЛАН ЖИЛИЙН ОЙН БАГЦ НОМ НЭЭХ ЁСЛОЛ БОЛЛОО

Share Button

Монголын дээд боловсролын эцэг нь болсон ууган их сургууль, Монгол Улсын анхны их сургууль, МУИС 70 жилийн ойгоо оюутан сурагчид, төгсөгчид, гадаадын дотоодын хамт ажиллагч зочид, хамт олонтойгоо өргөн дэлгэр тэмдэглэж байна. 70 жилийн ой, 70 жилийн түүх гэдэг бол дурсгалтай үйл явдал.

Аливаа ой, арга хэмжээ тэр тусмаа байгууллагын ой хаа газар нүсэр болдог, их ч мөнгө зоос зарж үрж, хийж бүтээдэг. Энэ бүгдийн цаана мэдээж үр дүн байх учиртай. Гэхдээ ойн арга хэмжээ, үйл явдлуудаас ажиглаж үзвэл хамгийн бодитой, хамгийн өгөөжтэй нь ном бүтээл л түүх болон үлддэг. Бусдын хийснийг үгүйсгэж байгаа юм биш гагцхүү он удаан жил амьдрах нас, ач холбогдол, өгөөж, үр дүнгийн тухай хэлж буй билээ.

10 дугаар сарын 3-ны бэлгэт сайн өдөр МУИС-ийн эрдэмтэн багш нар, судлаачид, төгсөгчид, бид бүгдээрээ нийлж бүтээсэн 6 номыг нээх ёслол МУИС-ийн дугуй танхимд боллоо. Энд бид “Монгол Улсын Ууган Их Сургууль”, “Төгсөгчдөөс төрсөн алдартнууд”, “МУИС – Эрдэм оюуны их өргөө”, “МУИС-ийн хүндэт индэр”, “Их Сургууль, их түүхийн эзэд”, “Авьяас билгийн охь” зэрэг 6 номыг багцлан хэвлэж танилцуулсан билээ. Номыг танилцуулж тэргүүн дэд захирал Р.Ринчинбазар, профессор С.Дулам, Д.Баасанжав, М.Зулькафил товч үг хэллээ. Цаана нь 2-3 ч ном хараахан хэвлэгдэж амжсангүй. Миний мэдэхээр МУИС-ийн тэгш ойнуудаар ийм олон ном зэрэг гарч байсангүй. Энэ номуудыг хийж бүтээх санал санаачлага гаргаж, хамт хийж бүтээлцсэн номын ажилд гар бие оролцсон бүх хүнд баяр хүргэж байна. Энэ бүтээлүүд бол та бүхний хамтын хүчээр МУИС-ийн оюуны өмч болон биежиж байгаа оюуны хөрөнгө, үеийн үед хадгалагдах, цаг үе дамнан улам зузаарах МУИС-ийн их түүх билээ.

Эл зургаан номыг бүх бүрэлдэхүүний сургуулиудын захиргаа, бүх тэнхим, номын сан, бие даах төвд тус бүр нэжгээд хувийг тараасан бөгөөд МУИС-ийн бүх багш, ажилтан бүрт хүргэж боломжгүй учраас цаашид МУИС-ийн брэнд дэлгүүрээр үйлдвэрийн үнээр худалдахаар шийдвэрлэж тавьсан тул сонирхсон хүмүүс тэндээс авах бололцоотойг мэдэгдэж байна.

МУИС 70 жилийн ойн босгон дээрээ МУИС Пресс хэвлэлийн газрыг байгууллаа. Энэ бол үндэсний хэмжээний, орчин цагийн том  их сургуульд заавал байх учиртай эд эсийн нэг. МУИС Пресс бол номыг яаж хэвлэх тухай биш ямар ном хэвлэх вэ гэдгийг шийддэг бодлогын байгууллага юм. Харин их сургууль маань хамт олныхоо санал санаачлагыг дэмжиж ийнхүү МУИС-д ирээдүйн номын бодлогыг зангидаж байх, авч явах зах зээлийн мөн чанарт тохирсон ийм байгууллагыг албан ёсоор байгуулж, тэр битгий хэл эхнээс нь дэмжиж бидний анхны ном бүтээл болгон 70 жилийн ойг тохиолдуулан хэвлэж буй 10-аад номыг хэвлэх хариуцлагатай бөгөөд хүндтэй ажлыг даалгасан явдал бидэнд тун завшаантай хэрэг хэмээн үзэж хичээн зүтгэлээ.

МУИС Пресс хэвлэлийн газар байгуулагдаад удаагүй ч Монгол улсын их сургуулийн хэмжээнд, цаашлаад их дээд сургуулийн хэмжээнд, бүр цаашлаад Монголын боловсролын  төвшинд номын бодлого боловсруулах ажилд гар бие оролцож, ихийг хийж бүтээх зорилго дүүрэн байгаа, бидэнд та бүхэнтэй хамтран ажиллах олон санал санаачлага бий, тусгай цаг зав гарган сургууль факультет хамт олонтой уулзаж бодлого чиглэлээ танилцуулахаар бэлтгэж байгаагаа энэ дашрамд мэдэгдэхэд таатай байна. Та бүхнийг дэмжиж хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Их сургуулийн багшийн бүтээлийн үнэ цэнийн нэгээхэн том хэсэг бол тухайн их сургуулийн хэвлэлийн газрын нэр хүнд байдаг гэдгийг бид өнөөдөр МУИС-д хэрэгжүүлэх, батжуулах үе нэгэнт ирсэн гэдгийг бид харуулах болно. Үүний төлөө бүгдээрээ хамтдаа ажиллая. Нийт багш, профессор, эрдэмтэн багш нартаа МУИС-ийн 70 жилийн ойн халуун мэндчилгээ өргөн дэвшүүлж, танд  болон танай гэр бүл үр хүүхдүүдэд эрүүл энх, сайн сайхныг бэлгэдэн ерөөе.

Д-р Ж.Бат-Ирээдүй (МУИС Пресс хэвлэлийн газрын гүйцэтгэх захирал)

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар