“Багш, оюутны стартап 2020” хөтөлбөрийн менторын нэгдсэн уулзалт боллоо

Share Button

МУИС-ийн багш, судлаачдын судалгааны үр дүн, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, салбар дундын судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх, гарааны компани байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Багш, оюутны стартап 2020” хөтөлбөрийн оролцогчид болон үндсэн менторуудын нэгдсэн уулзалтыг 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр зохион байгууллаа.

 

   

МУИС нь Рио Тинто группийн санхүүгийн дэмжлэгтэй зохион байгуулж буй “Багш, оюутны стартап 2,0” хөтөлбөрт нийт 11 багийн 79 багш, оюутан бүртгэгдэж сургалт, менторын үйлчилгээнд хамрагдаж байна.

Меторын зөвлөгөө өгөх уулзалтад МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсал, Инноваци, технологи дамжуулах төвийн ахлах мэргэжилтэн Д.Лхагвасүрэн, TomYo, AND Global, Lend MN, Biznetwork-ийн үүсгэн байгуулагч, энтрепренёр  В.Баярсайхан, “Старт Централ Азиа ХХК”-ийн гүйцэтгэх захирал Б.Пүрэвсүрэн, “Азума Шиппинг Монголиа ХХК”-ийн захирал Ч.Чинзориг болон төслийн багийн гишүүд оролцлоо.

Уулзалтын үеэр багууд байгаль орчин, эрүүл мэнд, аялал жуулчлал, мэдээллийн технологи, электроник, санхүүгийн цахим мэдээлэл, эрхзүйн зөвлөгөө үйлчилгээ зэрэг хөгжүүлж буй шинэ технологи, гарааны компанийн бизнес загвараа танилцуулж менторуудаас зөвлөгөө авлаа.

Мөн 7 дугаар сард МУИС-ийн Бизнесийн сургуулийн Менежментийн тэнхимийн эрхлэгч дэд проф.Б.Энх-Отгон “Бизнес төлөвлөлт” сэдвээр, Рио Тинто группийн Инновацийн стратегийн нэгжийн зөвлөх Л.Хандармаа “Аж үйлдвэрийн 4-р хувьсгалд инноваци ба компанийн алсын хараа”, “Стартап компанийн амжилт ба туршлага” сэдвээр тус тус онлайн ментор зөвлөгөөг амжилттай зохион байгууллаа.

Инноваци, технологи дамжуулах төв