WeNet – Бидний интернэт төслийн судалгаанд оролцоорой

Share Button

МУИС-ийн оюутан та өөрийн их сургуульдаа байх боломжтой дараа үеийн, цоо шинэ үйлчилгээг бий болгох ажилд оролцохыг хүсэж байвал WeNet – Бидний интернэт олон улсын судалгаанд нэгдээрэй.

Та судалгааны багаас боловсруулсан асуулгыг бөглөж төлбөртэй туршилтад хамрагдсанаар хүмүүсийн хоорондох ялгаатай байдлыг давуу тал болгон нийгмийн харилцааг хиймэл оюуны тусламжтай сайжруулах шинэ аргыг олох шинжлэх ухааны судалгаанд хувь нэмрээ оруулах болно.

Бид асуулгад оролцох урилгыг оюутан таны @stud.num.edu.mn илгээсэн байгаа. Та и-мэйлээ шалгаж урилгын дагуу судалгаанд хамрагдаарай.

Судалгааны төсөл нь Европын холбооны Horizon 2020 FET хөтөлбөрийн хүрээнд 2019-2022 онд хэрэгжиж байгаа бөгөөд МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим, Машин оюуны лабораторийн судлаачдын оролцож буй. Энэ төсөл нь хүмүүсийн ялгамжит (diversity-aware) харилцааг хиймэл оюун, машины оролцоотойгоор сайжруулах платформ, протоколыг хөгжүүлэх зорилготой. Тодруулбал, өнөөгийн нийгмийн харилцаанд хүмүүсийн хооронд тулгарч буй асуудал, хоорондын үйл хэргийг технологийн тусламжтайгаар сайжруулах, нэг нэгэндээ тусалж чадах хүмүүсийг зөв цагт холбож өгөх ялгамжит загвар боловсруулж хэрэгжүүлэх юм. Жишээлбэл, оюутнууд хамтарч суралцах, өдөр тутмын амьдралдаа бие биедээ туслах зэрэг харилцаанд машин оролцож дэмжих болно. Үүний тулд хүмүүсийн мэдлэг туршлага, боломж бололцоо, зан төлөвийг машинд загварчилж нийгмийн-мэдлэгийн төв (social hub) үүсгэж ажиллах бөгөөд их өгөгдлийн тооцооллын аргаар мэдлэгийг боловсруулж хэрэгжүүлэх юм байна. Төслийн хэрэгжилтэд мэдлэгийн граф, хиймэл оюун, машин сургалт, ялгамжит нийгмийн харилцаа, өгөгдлийн нууцлал ба ёс суртахуун зэрэг технологи, асуудлуудыг судалж хэрэглээнд түүчээлэн нэвтрүүлэхээр төлөвлөсөн.

Төсөлд Итали, Кипр, Израйл, Швейцар, Испани, Их Британи, Герман, Дани, Парагвай, Монгол, Энэтхэг, Мексик, БНХАУ зэрэг улсын 15 их дээд сургууль, судалгааны байгууллага, технологийн компаниуд оролцож байна.

Шинжлэх ухаанд хувь нэмэр оруулахын зэрэгцээ нийгэмд тустай, сайн дурын үйлээрээ манлайлж байдаг МУИС-ийн оюутан танд баярлалаа.

ЯЛГАРАНГАА НЭГДЬЕ!

 

Вэб сайт: www.internetofus.eu

И-мэйл: info@internetofus.eu

Твиттер: @WeNetProject

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар