МУИС-ийн Биеийн тамирын тэнхимийн багш нар олон улсын жишигт нийцэхүйц сургалтын хөтөлбөрт тулгуурлан, их дээд сургуулийн суралцагсдад зориулан биеийн тамирын сурах бичгийг туурвижээ. Энэ сурах бичиг нь энэ чиглэлээр төрөн гарч буй анхны сурах бичиг бөгөөд оюутан, суралцагчдад шинжлэх ухааны үндэслэлтэй, системтэй мэдлэг, чадвар эзэмшүүлэх, өөрийн сонирхож буй спортын төрлийн онолын мэдлэгийг бие даан судлах, өөрийгөө хөгжүүлэх арга барил олж авахад туслах чухал хэрэглэгдэхүүн болох юм.
“Биеийн тамир” сурах бичиг дэлхий дахинд хамгийн чухалд тооцогдож буй эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд чиглэсэн онолын мэдлэгийг багтаасан бөгөөд олимпын төрлүүд, орчин үед шинээр хөгжиж буй спортын төрөл, залуусын сонирхон хичээллэж буй спортын 23 төрлийг сонгон, тэдгээрийн үүсэл хөгжлийг тоймлож, төрөл тус бүрийн үндсэн техникүүдийн зураг, тайлбар, дүрэм зэргийг багтаасан бүрэн хэмжээний сурах бичиг болсон байна.
Түүнчлэн манай улсад шинэ тутам хөгжиж буй спортын төрөл болох “Бүжиг спорт”, “Чийрлидинг”, “Иог”, “Гандбол”, “Таеквондо”, “Туялзуур сэлэм”, “Хананд авиралт”, “Усан спорт” зэргийг багтаасан нь сурах бичгийн агуулгыг өргөжүүлж шинэлэг бүтээл болжээ.