Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын тэргүүн, элчин сайд Траян Лауренцю ХРИСТЕА 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр МУИС-д зочиллоо. Элчин сайдыг МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Очирхуяг хүлээн авч уулзсан бөгөөд уулзалтад Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсал, Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ш.Мэндбаяр, ХАХ-ийн ахлах мэргэжилтэн Б.Энхжаргал нар байлцав.
МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Очирхуяг хамтын ажиллагааны талаар санал солилцох уулзалтын урилгыг нааштайгаар хүлээн авч, цаг заваа гарган хүрэлцэн ирсэн явдалд Европын холбооны Монгол дахь төлөөлөгчид талархал илэрхийлээд, МУИС-ийн төгсөгчийн хувьд төрөлх сургуульдаа тавтай морилон саатахыг хүслээ. Тэрээр үргэлжлүүлэн МУИС-ийн хэмжээнд Европын холбооны 14 улсын 60 гаруй гэрээ санамж бичиг байгуулсан байдаг хэдий ч одоогоор 10 гаруй их дээд сургуулиудтай идэвхтэй хамтын ажиллагаатай байгаа талаар танилцуулаад цаашдаа уг төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр европын тэргүүлэх их, дээд сургуулиудтай хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлэв.
Түүнчлэн ЕХ-оос МУИС дээр хэрэгждэг төсөл, хөтөлбөрүүдийн талаар товч танилцуулаад, цаашдаа ЕХ-ны санхүүжилттэй төсөлд зохицуулагчаар оролцох талаар тодорхой санал солилцлоо.
Дэлхий дахинд тархсан цар тахлаас шалтгаалан үйл ажиллагаа хумигдмал байгаа хэдий ч ЕХ-ны төсөл хөтөлбөрийг идэвхжүүлэх болон хамтарсан арга хэмжээний хүрээнд дотооддоо хамтарсан хурал, онлайн боловсролын үзэсгэлэн яармагийг ирэх оны эхээр зохион байгуулахаар харилцан зөвшилцсөний сацуу Европын холбооны төгсөгчдийн холбоо байгуулах, идэвхжүүлэхэд хамтран ажиллахаар болов.
Уулзалтын төгсгөлд Монголыг сурталчлах, соёл түгээн дэлгэрүүлэх зорилгоор МУИС-д өмнө нь суралцсан гадаад төгсөгчдийг бүртгэлжүүлэх, европын улс орнуудад монгол судлалыг дэмжих, соёлыг түгээх чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж, цаашид нягт хамтран ажиллах тал дээр санал нэгдэв.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС