Эмгэнэл | Луузангийн Дамбадорж (1934-2020)

Share Button

ЭМГЭНЭЛ

ПРОФЕССОР ЛУУЗАНГИЙН ДАМБАДОРЖ

(1934-2020)

Монгол Улсын гавьяат багш Л.Дамбадорж 1934 онд Өвөрхангай аймгийн Гучин Ус суманд малчин ард Луузангийн 15 дахь хүү болж  төрсөн.

Тэрээр,

  • 1952-1953 онд Өвөрхангай аймгийн Хоршоодын холбооны данс эрхлэгч, 
  • 1956-1960 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын анхны хоршооны нягтлан бодогч
  • 1960-1964 онд Дундговь аймгийн  Худалдаа бэлтгэлийн удирдах газрын нягтлан бодогч, 
  • 1964-1970 онд Улаанбаатар хотод Худалдааны  техникумын багш, 
  • 1970 оноос МУИС-ийн ЭЗФ, ЭЗС, Бизнесийн сургуульд багш, профессороор,
  • 1999 онд тэтгэвэр тогтоолгож өнөөг хүртэл сургуульдаа нягтлан бодох бүртгэлийн багш, профессор, зөвлөх профессор, цагийн багшаар тус тус ажиллаж ирсэн. 

Бид бүхний эрхэмлэн хүндэтгэдэг ахмад багш, Монгол Улсад тэр дундаа Худалдааны салбарын Нягтлан бодох бүртгэлийг үүсгэн хөгжүүлэх, төлөвшүүлэх, Нягтлан бодох бүртгэлийн Олон Улсын Стандартыг нутагшуулахад өөрийн нэгэн насны бүтээлч хөдөлмөрөө зориулсан гавьяатан, Монголын Мэргэшсэн Нягтлан бодогч, ММНБИ-ийн Хүндэт нягтлан бодогч багш билээ. 

Л.Дамбадорж нь Худалдаа бэлтгэл, Нийтийн хоолны салбарын нягтлан бодох бүртгэлийн  сурах бичиг, суралцах зүйл, хичээлийн хөтөлбөр, бодлогын хураамж бичиж хэвлүүлсэн, 1990-ээд оноос олон улсын стандарт болон сурах бичгүүдийг орчуулан, “Санхүүгийн дунд шатны нягтлан бодох бүртгэл”, “Нягтлан бодох бүртгэлийн үндэс” сурах бичиг (3 боть) хамтран зохиосон, “How to read a financial report”, “Essentials of Accounting” хэмээх хоёр номыг англи-монголоор хадмаллан орчуулж хэвлүүлсэн, эдийн засгийн нэр томъёоны “The Most Up-to-date English-Russian-Mongolian Dictionary” хэмээх 192 мянга орчим нэр томьёо, үг хэллэг бүхий толь бичиг зохиож хэвлүүлсэн зэрэг олон арван бүтээлтэй. Тэрчлэн танин мэдэхүй, хүмүүжил, түүхийн холбогдолтой хэд хэдэн номыг англи-орос-монгол хэлээр хадмаллан орчуулж хэвлүүлсэн байна.

Түүний хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж Засгийн газрын хүндэт жуух бичиг, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн медалиуд,  Алтангадас одон, Худалдаа, Боловсрол, Шинжлэх ухаан, Санхүү-банк, Бүртгэл-статистик, Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж, 2006 онд “Монгол Улсын гавьяат багш”  цол хүртээжээ. 

Багш маань  зогсолтгүй хөдөлмөрлөж, шинийг эрэлхийлэн залууст зөвлөдөг, хатуу шаардлага тавин үнэтэй зөвлөмж, туршлагаа харамгүй хуваалцдаг нэгэн байлаа.

Түүний дээд дунд боловсролтой олон мянган нягтлан бодогч бэлтгэхэд оруулсан хувь нэмэр, уйгагүй хөдөлмөрч, чин шударга зан чанарыг энэ салбарт мөр зэрэгцэн хамтран ажиллаж ирсэн бид бүхэн, олон зуун шавь нар нь үүрд санан дурсаж байх болно. 

МУИС-ийн Бизнесийн сургуулийн нийт багш, ажилтан, оюутан суралцагчид, төгсөгчдийнхөө нэрийн өмнөөс гэр бүл, үр хүүхэд, төрөл төгрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. Эрдэмтэн багш таны авьяас билэг, ажилч хичээнгүй зан бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.

Ум сайн амгалан болтугай.

МУИС-ийн Захиргаа

Бизнесийн сургуулийн захиргаа

Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн 

хамт олон

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар