МУИС-ийн захирал Б.Очирхуяг өнөөдөр /2021.01.14/ хэд хэдэн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, МУИС-ийн цахим сургалтын чанар, хүртээмж нь багш, оюутнуудын дунд хийсэн судалгааны үр дүнгээр хангалттай сайн байгаа талаар мэдээлэв. Мөн цахим сургалтын үеийн сургалтын төлбөрийг бууруулах боломжгүй бөгөөд төлбөрийн уян хатан бодлогыг цаашид үргэлжлүүлэн барих тухай хэллээ. Түүнчлэн Боловсролын зээлийн сангийн асуудлыг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн бөгөөд төлбөртэй холбоотойгоор оюутныг төгсгөхгүй гэсэн мэдээлэл огт үндэслэлгүй болохыг албан ёсоор хариулсан юм.
Эцэст нь МУИС-ийн нэр хүндэд халдсан үндэслэлгүй, ташаа, нэг талыг барьсан мэдээллийг олон нийтэд түгээж МУИС-ийн нийт багш, ажилтан, оюутан суралцагчдын хөдөлмөр, хичээл зүтгэлийг үгүйсгэхгүй байхыг хүслээ.