Монгол Улсын Их Сургууль цахим сургалтын үед оюутнуудад тулгарч буй интернэтийн бэрхшээлийг шийдвэрлэх үүднээс үүрэн холбооны операторуудад оюутан залуусыг дэмжих санаачилгыг гаргаж хамтран ажиллаж байна.
Энэхүү ажлын үр дүнд Жи-Мобайл ХХК “Enjoy Student” багцыг нэвтрүүллээ. Уг багц нь 10.000 төгрөгийн үнэтэй, сарын турш интернэтийг 1 mbps хурдтайгаар хязгааргүй хэрэглэх боломжийг олгох юм.
Уг багцын интернэт хурд нь МУИС-ийн цахим хичээлээ зохион байгуулж буй Microsoft Teams программын интернэт хурдны шаардлагаас хэд дахин илүү бөгөөд дээрх багцыг сонгосноор оюутнуудад цахим хичээлийн үеэр программ гацахгүй ажиллах нөхцөл бүрдэж байна. Түүнчлэн бусад мэдээлэл, мэдлэг авах аливаа эх үүсвэрийг хязгааргүй хэрэглэх боломжтой.
“Enjoy Student” багцыг МУИС-ийн хэд хэдэн суралцагчид туршилтын байдлаар хэрэглэсэн бөгөөд тэдний сэтгэгдлийг хүргэж байна.
ХЗС-ийн оюутан Д.Батбаяр: Би энэхүү багцыг 2 долоо хоногийн турш туршилтын байдлаар хэрэглэж үзсэн. МУИС-ийн цахим сургалт зохион байгуулж буй Microsoft Teams программыг ашиглан цахимаар хичээл судлахад гацах, хэрэглээ дуусах гэх мэт асуудал огт гараагүй нь маш сайшаалтай санагдсан. Жимобайлын сүлжээ нь ялангуяа хөдөө орон нутагт сайн барьдаг нь нэг давуу тал болно гэж үзэж байна.
НУС-ын оюутан У.Номин: Энэхүү багц нь зөвхөн сургалтын системүүд болох Microsoft Teams эсвэл Сиси систем гэх мэт тусгайлсан программд хандахад хөнгөлөлттэй биш дурын системд хандахад тухайлбал facebook орох, youtube-ээр бичлэг үзэх, интернэт орчинд материал хайх гэх мэт зөвхөн сургалтын төдийгүй бүх төрлийн хэрэглээнд хязгааргүй хэрэглээг олгож байгаагаараа давуу талтай байсан.
Оюутан залуусыг дэмжин ажиллаж байгаа Жи-Мобайл ХХК-д талархал илэрхийлье.