Монгол Улсын Их Сургуулийн удирдах зөвлөлийн гишүүд болон удирдлагууд нь албан тушаалаа урвуулан ашиглаж хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан гэх мэдээлэл сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон билээ. Үүнтэй холбогдуулан хууль хяналтын байгууллагаас шалгалт хийж эдгээр мэдээллүүд нь ор үндэсгүй худал болохыг тогтоожээ.
МУИС-ийн удирдлагууд Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас 2012 оны 7 дугаар сард зохион байгуулсан Монгол Солонгос залуучуудын наадам гэх арга хэмжээний явцад хандиваар ирсэн 100 ширхэг зөөврийн компьютерийг тус бүрийг нь 680 000 төгрөгөөр үнэлж нийт 68 000 000 төгрөгөөр байгууллагын хөрөнгөнд бүртгүүлж худалдан авсан, Бумбод ХХК-д 3 автомашины мөнгө болох 69 000 000 төгрөгийг шилжүүлж хэт өндөр үнээр автомашин авсан , автомашин авахдаа сонгон шалгаруулалт зарлаагүй, 2011 оны 9 сард Бүгд Найрамдах Хятад ард улсаас 8 ширхэг гэрлийн бүрхүүл худалдан аван сургуульд орлогодсон, харьяа яамтай хуйвалдан хичээлийн 2 дугаар байрны засварын ажлын 366,0 сая төгрөгийг угаасан, засварыг чанаргүй хийсэн, гадаад оюутны байрны 260,0 сая төгрөгийн өртөгтэй засварыг чанаргүй хийсэн, сонгон шалгаруулалт нь хууль зөрчсөн, 2011 онд 300 гаруй сая төгрөгний худалдан авалтыг хууль зөрчиж хийсэн, МУИС-ийн Хөгжлийн сангийн мөнгөөр залуу багш нарт байр бариулна гэх нэрээр авсан газрыг худалдан борлуулсан, худалдан борлуулсан газар дээр байгаа хуучин барилгыг 260 сая төгрөгөөр нураалгаж мөнгө завшсан, хичээлийн 6 дугаар байрыг мөн нурааж 2/3-ыг нь Есүтрейд ХХК – д өгөхөөр гэрээ байгуулсан гэх зэрэг мэдээллийг үндэслэн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд дараах дүгнэлтийг гаргасан байна.
Нийслэлийн прокурорын газрын 2012 оны 08 сарын 28-ны өдрийн тогтоолд: “ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дэх хэсэгт зааснаар үүсгэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан 2012000146 дугаартай Бавуудорж овогтой Даваасүрэн, Чулуунбат овогтой Ганбат нарт холбогдох Монгол Улсын Их Сургууль /МУИС/-ийн удирдлагууд албан тушаалын байдлаа урвуулж төсвийн хөрөнгийг завшсан гэх эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэжээ.