Европын холбооны Horizon2020 хөтөлбөрийн хүрээнд санхүүжиж буй Польшийн Шинжлэх ухааны академийн пост-докторын судалгааны тэтгэлэгт хөтөлбөрийн (PASIFIC) сонгон шалгаруулалт 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл зарлагдлаа. Тус хөтөлбөрийн хүрээнд Польшийн Шинжлэх ухааны академийн харьяа 69 хүрээлэн болон Молекул, эсийн биологийн олон улсын судалгааны хүрээлэнгийн аль нэг байгууллагад, судалгааны удирдагчийн хамт 2 жилийн хугацаанд судалгааны төсөл хэрэгжүүлэх боломжтой.
Судалгааны сэдэв шинжлэх ухааны аль ч салбарын сэдэв байж болох бөгөөд салбар дундын судалгааг мөн дэмжинэ.
Хөтөлбөрийн хүрээнд ажиллах боломжтой судалгааны хүрээлэнгүүдийг https://institution.pan.pl/index.php/institution/institutes болон судалгааны удирдагчдыг https://pasific.pan.pl/potential-supervisors/ холбоосноос үзнэ үү. Судалгааны удирдагч нь дээр дурдсан 70 судалгааны хүрээлэнгийн аль нэгд ажилладаг, докторын зэрэгтэй судлаач байх ёстой.
Тэтгэлгийн хэмжээ:
- Сард 4000 хүртэлх еврогийн цалин (дунджаар 2500 евро) буюу 2 жилийн хугацаанд нийт 99,000 хүртэлх евро
- Судлаачийн гэр бүл Польш улсад хамт байх бол сард 300 хүртэлх еврогийн тэтгэлэг
- Судалгааны төслийн санхүүжилт нийт 60,000 хүртэлх евро
Өргөдөл гаргагчид тавигдах шаардлага:
- Докторын зэрэг хамгаалсан эсвэл багадаа 4 хүртэлх жилийн бүтэн цагийн судалгааны ажлын туршлагатай байх
- 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс өмнөх 3 жилийн хугацаанд Польш улсад 12 сараас дээш хугацаагаар оршин суугаагүй байх
- Англи хэл болон бусад гадаад хэлний мэдлэгтэй байх
Хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад бүрдүүлэх материал:
- Хөтөлбөрийн цахим өргөдөл
- Судалгааны төслийн санал
- Өргөдөл гаргагчийн болон судалгааны удирдагчийн CV танилцуулга, эрдэм шинжилгээний ажлын танилцуулга, бүтээлийн жагсаалт, Польш дахь уригч байгууллагын танилцуулга
- Судалгааны ёс зүйн үнэлгээ, зөвшөөрөл
- Польш дахь уригч байгууллагын зөвшөөрсөн захидал (судалгааны удирдагчийн болон байгууллагын даргын гарын үсэг, тамгаар баталгаажсан байх)
- Докторын дипломын хуулбар
- Бусад нэмэлт шаардлагатай бичиг баримтууд
Өргөдөл хүлээн авах хугацаа: 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл
Дэлгэрэнгүй мэдээллийг тус хөтөлбөрийн албан ёсны цахим хуудаснаас https://pasific.pan.pl/call-1/ үзнэ үү.
Өргөдөл гаргах гарын авлага: https://pasific.pan.pl/wp-content/uploads/2021/04/PASIFIC-Call-1-Guide-for-Applicants.pdf
МУИС нь Польшийн Варшавын их сургууль, Лодзийн их сургууль, Адам Микиевичийн нэрэмжит их сургууль, Шласкийн их сургууль зэрэг нэр хүндтэй, шилдэг их сургуулиудтай идэвхтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд энэхүү хөтөлбөрийн хүрээнд багш, судлаач та бүхэн Польшийн Шинжлэх ухааны академид ажиллаж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой юм. Тиймээс эрхэм багш, судлаач та бүхнийг Польшийн Шинжлэх ухааны академийн пост-докторын судалгааны тэтгэлэгт хөтөлбөрт өргөдлөө мэдүүлэхийг урьж байна.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС