МУИС-д Улс төр судлалын тэнхим байгуулагдсаны 45 жилийн ойн хүндэтгэлийн хурал энэ сарын 26-ны өдөр болж өнгөрлөө. Баярын хурлыг нээж МУИС-ийн НШУС-ийн Улс төр судлалын тэнхимийн эрхлэгч доктор, профессор Ё.Довчин үг хэлж, профессор Ц.Ганболд “ШУКО-оос Улс төрийн шинжлэх ухаанд хүрсэн түүхэн 45 жил” сэдэвт илтгэл тавьсан юм. Баярын хуралд дэд захирал Б.Даваасүрэн, НШУС-ийн захирал Г.Эрдэнэбаяр нар болон Улс төр судлалын тэнхмийн анхны төгсөгч, академич Г.Чулуунбаатар, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд зэрэг Улс төрийн тэнхмийн үе үеийн төгсөгчид хүрэлцэн ирж оролцлоо. Хурлын үеэр дараах нэр бүхий хүмүүс шагнуулсан юм.
-Профессор Ц.Ганболд БХЯ-ны “Эх орны төлөө” медалиар
-Доктор С.Базарпүрэв, Доктор Ч.Өлзийсайхан нар МАН-ын дээд шагнал “Тусгаар тогтнолын одон”-оор
-Профессор Ё.Довчин АН-ын дээд шагнал “Эрх чөлөөний одон”-оор
-Доктор Ж.Төртогтох, Г.Цэнд-Аюуш нар “Нийлэлийн Засаг даргын хүндэт жуух” бичгээр
-Багш Д.Ундрах “Ардын боловсролын тэргүүний ажилтан ” цол тэмдгээр
-Ц.Өлзийн жаргал МЗХ-ны “Хөдөлмөрийн алдар” алтан медалиар
-Д.Оюунчимэг МЗХ-ны “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” медалиар тус тус шагнагдлаа.
Улс төр судлалын тэнхим 45 жилийн ойгоо угтаж “Улс төрийн шинжлэх ухаан дээж бичиг”, “ШУКО-оос улс төр судлал хүртэл”, “Улс төрийн ухамсар: Түүхэн судалгаа” зэрэг номыг гаргасан бөгөөд “Бид Улс төр судлалынхан” дурсамж киног бүтээжээ.