Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж Боловсрол, шинжлэх ухааны салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хувь нэмрийг нь үнэлж, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн МУИС-ийн зарим багш нарт төрийн дээд цол, одон хүртээсэн байна.
Монгол Улсын гавьяат багш цолоор доктор, профессор Б.Сайнжаргал, Монгол Улсын гавьяат эдийн засагч цолоор доктор, профессор Р.Ринчинбазар, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор доктор, профессор А.Эрдэнэцогт нарыг шагнажээ. Түүнчлэн Бизнесийн сургуулийн ахмад багш А.Цэрэнтогоод Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтангадас” одон хүртээснийг МУИС-ийн захирал Б.Очирхуяг гардууллаа.
МУИС-ийн удирдлагууд гавьяат цол, одон хүртсэн багш нараа хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. МУИС-ийн захирал Б.Очирхуяг “МУИС-ийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж, эрдэм түгээх үйлсэд өндөр амжилт гарган ажиллаж байгаа та бүхэнд чин сэтгэлээсээ баяр хүргэе. Их сургууль та бүхнээрээ бахархаж байна. Цаашид биднийгээ олон удаа баярлуулаарай” гээд амжилт хүсэв.
Төрийн дээд цол, одонгоор шагнуулсан эрхэм багш нартаа аз жаргал, эрүүл энхийн ерөөл дэвшүүлье.