2020 онд МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Химийн тэнхимийн профессор Ш.Наранмандах МУИС-ийн дэргэд Гарааны Мон Био Про ХХК-ийг үүсгэн байгуулсан билээ. Тус гарааны компанийн судлаачийн боловсруулсан МУИС-ийн нэр дээр өмчлөлтэй 20-0003224 улсын бүртгэлийн дугаартай “Бактерийн эсрэг үйлдэлтэй гелин түрхлэг” нэртэй ашигтай загварыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, технологийн баталгаажуулалт хийх зорилгоор өнөөдөр “Тавин Ус ХХК”-тай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслолд МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсал, Гарааны Мон Био Про ХХК-ийг үүсгэн байгуулагч Ш.Наранмандах, Инноваци, технологи дамжуулах төвийн ахлах мэргэжилтэн Д.Лхагвасүрэн, “Тавин Ус ХХК”-ийн захирал Ц.Энхтуяа, гүйцэтгэх захирал Г.Бат-Орших нар оролцлоо.
Тус гэрээний үр дүнд “Бактерийн эсрэг үйлдэлтэй гелин түрхлэг” ашигтай загварыг ашиглан бүтээгдэхүүний судалгаа хөгжүүлэлт хийх, клиник туршилтыг явуулах, үйлдвэрлэлийн дамжлагад туршилтын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бүтээгдэхүүний чанарын тогтвортой байдлын судалгаа хийх, эцсийн үйлдвэрлэлд нэвтрүүлэх арга зүй боловсруулж, технологийн лицензийн гэрээ байгуулахаар төлөвлөж байна.
Инноваци, технологи дамжуулах төв