МУИС-ийг 2024 он хүртэл хөгжүүлэх стратегийн тэргүүлэх чиглэлийн хоёрт “Сургах ба сурах үйл явцыг дэлхийн тэргүүлэх түвшинд хүргэх” хэмээн заасны дагуу ахисан түвшний оюутны болон гадаад оюутны тоог нэмэгдүүлэх зорилтын хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны шилдэг их, дээд сургуулиудын нэг Хөлөнбуйр дээд сургуультай хамтын ажиллагааны гэрээ (2021 оны 6 сарын 16 өдөр) байгууллаа.
Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд тус сургуулийн ахисан түвшний оюутанг МУИС-д элсүүлэн суралцуулах, МУИС-ийн багш нар тус сургуульд урилгаар ажиллах, багш, судлаач, судалгааны мэдээ, материал солилцох, хамтарсан сургалт, судалгааг дэмжиж хөгжүүлэх боломжтой болж байна.
Хөлөнбуйр дээд сургууль нь 1958 онд байгуулагдсан, БНХАУ-ын Хайлаар хотод байрладаг төрийн өмчит дээд боловсролын байгууллага юм. Тус сургууль нь харьяа 23 коллежтой бөгөөд тэдгээрт нийт 14000 гаруй оюутан байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухаан, инженерчлэлийн чиглэлээр бакалавр, магистр, докторын хөтөлбөрүүдэд суралцдаг байна.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС