Монгол Улсын Их Сургуулийн 1996 оны төгсөгч ШУС-ийн ХУС-ын Ази судлалын тэнхимийн багш Б.Дулмаа, 1995 оны төгсөгч Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш Т.Отгонтуул нарын санаачилсан “Монгол судлал-Залуу үе” тэтгэлгийг С.Болдбаатар захиралтай “Корнерпойнт” ХХК гурав дахь жилдээ гардууллаа. Тус тэтгэлгийг монгол судлалын чиглэлээр МУИС-д сурч буй гадаад, дотоодын оюутан залууст олгож ирсэн.
Тэтгэлгийн зорилго нь Монгол судлалын бүхий л чиглэлээр дагнан ажиллах гадаад дотоодын оюутан залуусыг онцолдог бөгөөд монгол судлалыг хөгжүүлэхэд судалгаа шинжилгээгээ зориулах залгамж үеэ дэмжих, тэдэнд урам зориг төрүүлэхэд оршино.
2020-2021 оны хичээлийн жилд тус тэтгэлгийг МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимд суралцаж буй Өвөр монгол суралцагч Номин-Учралт (Nao.minаgoqirilatu), Буянт (Бao yintao), магистрант П.Даваадорж нар сурлагын амжилтаар тэргүүлж 2021 оны 6 сарын 28-ны өдөр цахимаар гардаж авлаа.
Тэтгэлэг гардуулах ёслолд ШУС-ийн захирал Д.Заяабаатар, “Корнерпойнт” ХХК-ийн захирал С.Болдбаатар, Ази судлалын тэнхимийн ахлах багш Б.Дулмаа, Оюутан, төгсөгчийн хэлтсийн дарга М.Эрдэнэчимэг, Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч, Дэд профессор Б.Түвшинтөгс, Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш профессор Т.Отгонтуул нар оролцлоо.
Захирал Д.Заяабаатар хэлсэн үгэндээ: “Хорио цээрийн дэглэмд нийцүүлэн энэхүү үйл ажиллагааг гурав дахь жилдээ тасралтгүй зохион байгуулж буй та бүхэнд талархал илэрхийлье. Нэн ялангуяа өөрийн явуулж буй бизнесийн үйл ажиллагаанд үл хамаарах боловч Монгол судлалыг хөгжүүлэх, Монголын төлөө гэсэн чин эрмэлзлээр энэхүү тэтгэлгийг санаачилж ажил хэрэг болгож буй Болдбаатар захирал танд өмнө нь тэтгэлэг гардсан, мөн өнөөдөр тэтгэлэгт шалгарсан оюутнуудынхаа сэтгэлийг дайж гүн талархал илэрхийлье. Монголын судлалыг хөгжүүлэх асуудал бол энэ чиглэлээр ажиллаж буй судлаач эрдэмтэн хэн хүний асуудал мөн болов чиг энэ чиглэлийг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлж, тэр дундаа эрдэм судлалын үйлд оройлон манлайлах журамт үүрэг бол монголчуудад илүү их оногдоно. Хэдийгээр судалгаа шинжилгээ хийж буй эрдэмтэн судлаачид илүү ачааг үүрэх боловч залгамж холбоог бэхжүүлэх, энэ чиглэлээр сурч буй гадаад дотоодын залуу судлаачийн урмыг сэргээх, тэдний сурах эрмэлзлийг хөхиүлэн дэмжихэд аливаа буянт хүмүүсийн тэтгэлэг ихээхэн дэмжлэг болдог… Аливаа урам дэмжлэг гэдэг бол тэр хүнд хариуцлагын ташуур болж байдаг. Энэ удаагийн тэтгэлгийг хүртэж буй Өвөрмонголоос суралцаж буй хоёр оюутан болон магистрантдаа баяр хүргэж эрдэм судлалын их амжилт хүсье.”
Тэтгэлэг гардсан оюутан Номин-Учралт талархлын үгэндээ “Би Өвөрмонголын Шилийн гол аймгаас Монголд суралцахаар очсон. Би аав ээж дүүгийн хамт амьдардаг. Миний аав ээж малчин. Би сайн монгол хэлний багш болно гэсэн үүднээс Монголд очсон юм. Өөрийн эх хэлээ би дархан орноосоо сурна гэж боддог. Ахлах ангиа төгсөөд МУИС-ийг зорьсон. Миний амьдралын хамгийн сайхан хугацаа бол МУИС-д сурсан дөрвөн сарын хугацаа байсан. Багш нараасаа их зүйл сурсан. Надад маш сайн зааж өгч байсан. Нэг нэгээр нь ухааныг олж хэлж өгч нэг бүрчлэн зааж өгдөг байсан. Тэтгэлэг авна гэж миний зүүдэнд ч байгаагүй. Хүн болоод анх удаа ингэж тэтгэлэг авч үзэж байна. Их урам авдаг юм байна. Хойшид улам их чармайна аа” хэмээн сэтгэл догдлон өгүүллээ.
Тус тэтгэлгийг гардан авсан оюутнууддаа цаашдын эрдэм судлалын ажилд нь амжилт хүсч монголын судлалын салбарт нэр алдраа дуурсгасан сайн судлаач, сайн багш болохыг хүсэн ерөөе.
ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛЬ
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС