Монгол Улсын Их Сургууль БНСУ-ын Дэгү их сургуультай 2016 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд хамтын ажиллагааг өргөжүүлж оюутан солилцооны гэрээ шинээр (2021 оны 7 сарын 28 өдөр) байгууллаа. Оюутан солилцооны гэрээний хүрээнд 5 жилийн хугацаанд жилд 5 хүртэлх бакалаврын оюутан солилцох боломж бүрдэж байна. Солилцооны хөтөлбөрийг Дэгү их сургуультай хамтран тухай бүрд нь цахим хуудсаар дамжуулан зарлах болно.
Дэгү их сургууль нь БНСУ-ын эдийн засаг, аж үйлдвэрийн томоохон төв Дэгү хотын дэргэдэх Кёнсан хотод байрладаг. Тус их сургууль нь харьяа 12 коллеж, 6 ахисан түвшний сургуульдаа байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухаан, инженерчлэл, бизнес, сувилахуй, урлагийн чиглэлийн 93 мэргэжлийн хөтөлбөрөөр бакалавр, магистр, докторын сургалт эрхэлдэг байна. Тус их сургууль нь 20 000 орчим оюутантай бөгөөд үүнээс 1000 гаруй гадаад оюутан суралцдагийн 100 гаруй нь Монгол оюутнууд байна.
Мөн МУИС тус их сургуультай хүрээлэн буй орчин, ойн чиглэлээр судалгааны салбарт хамтарч ажиллаж байсан туршлагатай. Шинэчлэн байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд мөн хоёр их сургууль цаашид хамтарсан сургалт, судалгааны бүхий л санаачилга, үйл ажиллагааг дэмжин ажиллахаар боллоо.
Дэгү их сургуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://eng.daegu.ac.kr/main холбоосоор нэвтэрч үзнэ үү.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС