Монгол Улсын Их Сургууль болон Тавантолгой ХК хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулав

Share Button

Өнөөдөр (2021.09.08) Монгол Улсын Их Сургууль болон Тавантолгой ХК хооронд “Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг дэмжих болон Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Үзэл Баримтлал-д тусгасан “Ил тод, хариуцлагатай уул уурхай, эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх хүрээнд талуудын хөгжил дэвшилд шаардлагатай хамтарсан судалгаа шинжилгээний ажил хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, шинэ технологи, инновацийн хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт босгох, судалгааны зөвлөх үйлчилгээ хэрэгжүүлэх, оюутан дадлагажуулах, ажиллуулах, хүний нөөцийн залгамж холбоог бий болгох хүрээнд төрийн орон нутгийн болон эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах үйл ажиллагаанд МУИС-ийн талаас МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Очирхуяг, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Н.Батхүү, Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ш.Мэндбаяр болон хэлтсийн мэргэжилтнүүд, Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Доржсүрэн, Байгаль орчны ахлах мэргэжилтэн Г.Ганцэцэг, Уулын ашиглалтын ахлах инженер Г.Баярбат нарын төлөөлөл оролцов.


МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Очирхуяг хэлсэн үгэндээ, МУИС нь Тавантолгой ХК-тай хамтран Номгон сумын нутагт мод үржүүлэг, говийн бүсийн ховор, нэн ховор ургамлуудыг нөхөн сэргээх, нутагшуулах, газрын доройтол, цөлжилтийг сааруулах, улмаар Тавантолгой ХК-ийн нөхөн сэргээлтийг гүйцэтгэхэд шаардлагатай суулгац материалаар хангах зорилготой туршилт, судалгааны төвийг байгуулж хамтран ажиллах болсондоо нэн талархалтай байгаа, мөн энэхүү төсөл нь Өмнөговь аймгийн сургалт, судалгааны томоохон түшиц газар, төв болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн бол, Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Доржсүрэн хэлсэн үгэндээ, энэхүү судалгааны төв нь ил тод, хариуцлагатай уул уурхайг Монголдоо жишиг болгон хөгжүүлэх бидний олон жил төлөвлөсөн бүтээн байгуулалтын төсөл гэдгийг онцолсон.

Мөн тэрээр Тавантолгой ХК нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд жил бүр амжилттай суралцаж буй Өмнөговь аймгийн оюутан, залуустаа тэтгэлэг олгодог ба энэ хичээлийн жилд 200 оюутанд олгох болсон нь МУИС-д суралцдаг манай аймгийн оюутнуудад баяртай мэдээ болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн.

 

Хамтын ажиллагааны хэлтэс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар