Улсын электроникийн XIV олимпиад болно

Share Button

Улсын Электроникийн XIV олимпиад МУИС-ийн Мэдээллийн технологийн сургууль (МТС) дээр 2012 оны 11 дугаар сарын 03-аас 04-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.


Уг олимпиад нь электроник, автоматажуулалтын чиглэлээр суралцдаг их дээд сургуулийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон явагддаг бөгөөд энэ удаагийн олимпиадад МУИС-ийн МТС, ФЭС, Улаанбаатар, ШУТИС-ийн МХТС, ЭХИС, КТМС, МИС, Хүрээ дээд сургууль  зэрэг 10 гаруй их дээд сургуулийн 11 багийн нийт 100 орчим оюутан залуус, эрдэмтэн багш нарыг хамарч өргөн хүрээнд зохиогдох гэж байна.

Электроникийн чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, оюутнуудын сурах эрмэлзлэлийг дээшлүүлэх, электроникийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага болон их дээд сургуулиудын хамтын ажиллагааг сайжруулах, электроникийн мэргэжлийг сурталчилах зорилготой уг олимпиад нь энэ жил МУИС-ийн 70 жил, МТС-ийн 10 жилийн давхар ойн нэрэмжит болж байгаагаараа онцлог юм. Энэ удаагийн олимпиадыг мэдээлэл, холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, салбартаа тэргүүлэгч “Промон” компани Ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж байгаа юм.

Уг үйл ажиллагаанд электроникийн олимпиадаас гадна бүтээлийн уралдаан, ажлын байрны үзэсгэлэн, эрдэм шинжилгээний бага хурал  зэрэг үйл ажиллагаа явагдах бөгөөд бүтээлийн уралдаанд амжилттай оролцож манлайлсан оюутнуудад ивээн тэтгэгч байгууллагын нэрэмжит шагналыг олгох юм. “Ажлын байрны үзэсгэлэн” нь электроник автоматажуулалтын  чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын ажлын байрыг мэргэжлийн оюутнуудад сурталчлах, компани болон оюутныг хооронд нь холбох гүүр болох, техник технологийн мэдээллээр хангахад чиглэгдэнэ.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар