МУИС-ийг Антропологич мэргэжлээр төгсөгчдийн холбооноос тэтгэлэг гардууллаа

Share Button

Монгол Улсын Их Сургуулийг антропологич мэргэжлээр төгсөгчдийн холбооноос санаачлан зохион байгуулж буй тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд бакалаврын түвшинд суралцагч оюутан залууст өөрийгөө хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготойгоор урамшуулал олгох үйл ажиллагаа хоёр дахь жилдээ зохион байгуулагдлаа. Энэхүү үйл ажиллагаа нь өнгөрсөн 2020 онд анх удаагаа зохиогдон тэтгэлгийг МУИС-ийн Археологи, антропологийн тэнхимийн III түвшний оюутан С.Мөнх-Очир хүртэж байв.

Харин энэ оны тэтгэлгийг 2021 оны 8 дугаар сарын 19-ээс 10 дугаар сарын 25-ыг хүртэлх хугацаанд нээлттэй зарласны дүнд материалаа ирүүлсэн оюутнуудаас МУИС-ийн Археологи, антропологийн тэнхимийн III түвшний оюутан Б.Наранхүү шалгарлаа. Үүний зэрэгцээ хамт материалаа ирүүлсэн IV түвшний оюутан М.Бямбацогзолд мөн амжилт хүсэн холбооны зүгээс урамшуулав.

Түүнчлэн цаашид энэ үйл ажиллагааг тогтмол зохион явуулахаар МУИС-ийг антропологич мэргэжлээр төгсөгчдийн холбооноос МУИС-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав. Ингэснээр тус холбооны үйл ажиллагаа улам албажин цаашид өргөн цар хүрээтэй ажил зохион байгуулах бололцоог бүрдүүлж өгсөн чухал алхам боллоо.

Дашрамд дурдахад, тус холбооноос зохион явуулж ирсэн тэтгэлгийн үйл ажиллагаанд тогтмол идэвхтэй оролцож ирсэн антропологи мэргэжилдээ хайртай үе үеийн төгсөгч, дэмжигч гишүүддээ талархаж буйгаа илэрхийлье.

МУИС-ИЙГ АНТРОПОЛОГИЧ МЭРГЭЖЛЭЭР ТӨГСӨГЧДИЙН ХОЛБОО

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар