Японы Шинжлэх Ухаан Технологийн агентлагаас санхүүждэг Сакура Сайнс Хөтөлбөр “Sakura Science Plan (Sakura Science Exchange Program)” нь 2014 оноос Ази Номхон далайн бүсийн орнуудын 40 хүртэлх насны залуу судлаачид, оюутан, сурагчдыг 1-3 долоо хоногийн хугацаатай Японд урьж, Шинжлэх ухаан, технологийн хөгжилтэй танилцуулах, авъяаслаг залуусыг дэмжих зорилготой хөтөлбөр юм.
МУИС, ШУС-ийн Биологийн тэнхимийн Биохими, Биотехнологийн хөтөлбөрийн оюутнууд 2015 оноос эхлэн Сакура Сайнс Солилцооны Хөтөлбөрт хамрагдаж байгаа бөгөөд одоогийн байдлаар 10 оюутан уг хөтөлбөрийн хүрээнд Японы Осака Их Сургуульд богино хугацааны сургалтад хамрагдсан.
Энэхүү хөтөлбөр нь Дэлхий нийтийг хамраад буй COVID-19 халдварт цар тахлын улмаас 2020-2021 оны хичээлийн жилээс эхлэн “Японы ферментацийн технологи” сэдвийн хүрээнд онлайн семинар хэлбэрээр үргэлжилж байна. Энэ жил 11 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулагдсан ба семинарт Биохими, Биотехнологийн хөтөлбөрийн 3, 4 дүгээр түвшний оюутнууд, магистрантууд нийлсэн 30 оюутан оролцсоноос гадна Бруней, Камбож, Индонез, Лаос, Малайз, Тайван зэрэг улсын 80 гаруй оюутнууд оролцов.
Семинараар Японы уламжлалт хүнс, “Кожи”-ийн хөрөнгөний судалгаа, Исгэлтийн үйлдвэрлэл дэх хүнсний чанар, аюулгүй байдал, Микроорганизмын гаралтай антибиотикууд болон Азийн ферментэт хүнсний төрөл, тэдгээрийн чанарыг сайжруулах, бодисын солилцооны инженерчлэлийг ашигласан шийдлүүд зэрэг сонирхолтой сэдвүүдээр Осака Их Сургуулийн профессорууд, Японы технологи хөгжүүлэлтийн компанийн (R&D company) төлөөллүүд илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэв.
Тус үйл ажиллагааны хоёр дахь хэсэгт семинарт оролцсон 8 орны оюутнуудад Осака ИС-д суралцаж буй гадаад оюутны төлөөллүүдтэй уулзаж судалгааны ажил, амьдрах орчин, тэтгэлэгт хамрагдах боломж гэх мэт сэдвүүдээр чөлөөтэй ярилцаж, туршлага хуваалцдагаараа онцлог юм. Энэ жил Биохими, Биотехнологийн хөтөлбөрөөс бакалавр, магистрын 7 оюутан Осака ИС-д суралцаж буй магистр, докторын шатлалд суралцаж буй оюутнуудтай уулзаж, судалгааны чиглэл, лабораторийн хамт олон, Япон дахь оюутны амьдралын тухай чөлөөтэй халуун дулаанаар ярилцацгаалаа.
Дашрамд дурдахад Биохими, Биотехнологийн хөтөлбөрийн оюутнууд 2015 оноос эхлэн Сакура Сайнс Солилцооны Хөтөлбөрт хамрагдаж эхэлснээс хойш одоогийн байдлаар тус хөтөлбөрийн 4 оюутан Японы засгийн газрын тэтгэлгээр Киото их сургууль, Осака их сургуульд магистр, докторын шатлалд амжилттай суралцаж байна. Эцэст нь хоёр өдрийн семинарт идэвхтэй оролцсон нийт оюутнууд, зохион байгуулалтад ажилласан багш ажилчдад талархал илэрхийлье.
Биохими, Биотехнологийн хөтөлбөрийн хамт олон
Сакура Сайнс хөтөлбөрийн хүрээнд Осака ИС-иас зохион байгуулсан 2 дахь онлайн семинар
Цахим семинарын нийт оролцогчдын хэсгээс