МУИС-ийн Ази судлалын тэнхимийн Түрэг судлалын салбар үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан “Түрэг Уйгур судлал” сэдэвт ЭШХ-ыг 2021.11.19-ний Баасан гарагт амжилттай зохион байгууллаа.
Тус хурлын нээлт, хүндэтгэлийн үйл ажиллагаанд МУИС-ийн захирал проф. Б.Очирхуяг, БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер АТЕШ, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал проф. Ж.Бат-Ирээдүй, академич Л.Болд, МУИС, ШУС, ХУС-ын Ази судлалын тэнхимийн Түрэг судлалын салбарын Проф. Ц.Баттулга, Антропологи, археологийн тэнхимийн багш Проф. Ц.Төрбат нарын хүндэт зочид оролцож үг хэллээ.
Олон улсын Түрэг академийн ерөнхийлөгч Дархан Кыдырэли болон Казакстан, БНСУ, БНТУ-аас эрдэмтэн судлаачид цахимаар оролцож мэндчилгээ дэвшүүлэв.
Хурлын үйл ажиллагааг нээж угсаатны хөгжим судлаач Д.Ганпүрэв, МУГЖ Ч.Мөнх-Эрдэнэ нар Алтай ятгын айзам эгшиг сонордууллаа. Ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд нийт таван орны эрдэмтэн судлаачид хэл соёл, археологи, түүх угсаатны зүйн чиглэлээр 21 илтгэл хэлэлцүүлэв.
“Түрэг Уйгур судлал” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд оролцсон зочид төлөөлөгчид, эрдэмтэн судлаач, багш нартаа болон дэмжин ажилласан сургуулийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлж цаашдын эрдэм судлалын ажил үйлсэд нь улам их амжилт хүсэн ерөөе.
МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль
Хүмүүнлэгийн Ухааны Салбар
Ази судлалын тэнхимийн
Түрэг судлалын салбар