МУИС-ийн ШУС-ийн БУС-ын санаачилгаар МУИС дээр 1942 оноос хойш хуримтлагдаж, хадгалагдсан химийн аюултай бодисын хог хаягдлыг албан ёсны зөвшөөрөл бүхий байгууллагатай хамтран устгах ажлыг зохион байгууллаа. Хаягдал бодисуудын устгах үйл ажиллагааг “Химийн хаягдал бодисын эрх шилжүүлэх” гэрээ хийсний үндсэн дээр химийн аюултай хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах үйл ажиллагааны бүрэн эрхтэй “ТҮМЭН ЭГШИГ” ХХК-тай хамтран хийж гүйцэтгэлээ.
Энэхүү ажлын хүрээнд МУИС-ийн ШУС-ийн захирлын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/334 тоот тушаалын дагуу Химийн тэнхимийн эрхлэгч Б.Энхсаруул ахлагчтай 13 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдож МУИС-ийн хичээлийн 3-р байр буюу Хууль зүйн сургуулийн урд байрлах агуулах, 2-р байрны зоорийн давхар, ХШУИС-ийн судалгааны лабораториудад олон жил хадгалагдаж байсан 1226,2 килограмм хуурай бодис, 755,2 литр хортой шингэн бодис, 60 литр органик нефтийн хаягдал, 110 ширхэг мөнгөн устай термометр, 70 ширхэг химийн хортой бодисын ашигласан сав зэргийг устгалд оруулахаар 2021 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр ачуулав.
Уг ажлыг санаачлан зохион байгуулсан МУИС-ийн Байгалийн ухааны салбар хариуцсан дэд захирал Б.Батжаргал, санхүүжилтийг шуурхай шийдвэрлэж өгсөн МУИС-ийн захиргаанд талархал илэрхийлье.
Цаашид Монгол Улсын Шадар Сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 54/А/136/А/215 дугаар бүхий хамтарсан тушаалаар баталсан “Химийн хор болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журам”- ын дагуу МУИС-д хэрэглэгдэж байгаа химийн бодисыг нэгдсэн бүртгэлд оруулан, жил бүр тодорхой хуваарийн дагуу устгалд оруулж ажиллахаар төлөвлөж байна.