Монгол Улсын Их Сургуульд “Солонгос судлалын салбар” үүсэн байгуулагдаж, Монгол улсад солонгос хэл судлалын дээд боловсролтой боловсон хүчин бэлтгэж эхэлсэний 30 жилийн ойг тохиолдуулан баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээ энэ сарын 17-ны өдөр болж өнгөрлөө.
Баярын хуралд олон хүндэт зочид төлөөлөгчид оролцсон бөгөөд МУИС-ийн захирал, доктор профессор Б.Очирхуяг, БНСУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд И Ё Хун, дэд захирал Д.Бадмаанямбуу, БНСУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны гуравдугаар нарийн бичгийн дарга, соёл хариуцсан атташе И Жан Вөн, Ази судлалын тэнхимийн эрхлэгч Ш. Эгшиг, МУИС-ийн Солонгос судлалын тэнхмийн анхны эрхлэгч асан Б.Лхагваа, багш, тэнхмийн эрхлэгч асан Ж.Баттөр, мэргэжилтэн багш Квон Сөн Хүн, тус тэнхимд ажиллаж байсан мэргэжилтэн багш Пак Бёэ Үг, Кей Сын Хи, ШУА-ийн Түүхийн Хүрээлэнгийн захирал Ц.Цэрэндорж болон солонгос хэл судлалын чиглэлээр сургалт явуулдаг МУИС, ШУТИС, ОУУБИС, Хүрээ зэрэг их дээд сургуулийн тэнхимийн эрхлэгч, багш нар уригдан оролцов.
МУИС-ийн захирал Б.Очирхуяг, БНСУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд И Ё Хун нар баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлсний дараа Ази судлалын тэнхимийн профессор, доктор Д.Сайнбилэгт “МУИС-ийн солонгос судлал-30 жил” сэдэвт илтгэл тавив.
Мөн 1998 оны төгсөгч, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, 1996 оны төгсөгч УИХ-ын гишүүн Д.Өнөрболор болоод БНСУ, АНУ, БНАСАУ-д суугаа төгсөгчдөөс баярын мэндчилгээ дэвшүүллээ.
МУИС-ийн зүгээс солонгос судлалын салбарын 30 жилийн ойг тохиолдуулан олон жил найдвартай, тууштай хамтын ажиллагаа өрнүүлэн, МУИС-ийн солонгос судлалын сургалт судалгааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан, хамтран ажилласан БНСУ-ын Засгийн Газрын байгууллага “Солонгос сан (Korean Foundation)” болон тэнхимийн эрхлэгч асан, солонгос судлаач эрдэмтэн Б.Лхагваа нарт “Онцлох түнш” өргөмжлөл, БНСУ-ын Засгийн Газрын байгууллага “БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (KOICA)”, БНСУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам болон БНСУ-ын иргэн, тус тэнхимийн анх мэргэжилтэн багш Кей Ру И нарт МУИС-ийн “Талархлын өргөмжлөл” гардуулав.
Хурлын үеэр МУИС-ийн солонгос судлалыг хөгжүүлэх, солонгос хэл судлалын мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэх үйлсэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн, 30 жилийн түүхтэй тус тэнхимд 29 жил мэргэжилтэн багшаар ажилласан БНСУ-ын иргэн Квон Сөн Хүнд Монгол улсын “Боловсролын тэргүүний ажилтан” цол олгож, багш Д.Оюунцэцэг, Б.Ариунбайгаль нарыг БШУЯ-ны “Жуух бичиг”, мэргэжилтэн багш Пак Бён Үг, Кей Сын Хи, багш С.Энхчимэг, Б.Олзжаргал, Б.Хулан, Б.Сарнай, Ц.Энхтайван нарыг МУИС-ийн “Хүндэт жуух”, мэргэжилтэн багш Ду Сон Гён, О.Сарантуяа, Улаанбаатар Сэжун 2 сургалтын төвийн багш Г.Цацрал, Ч.Гэрэлмаа, Б.Бүжинлхам, Л.Хандармаа, Юү Жон Тай нарыг МУИС-ийн “Баярын бичиг” шагналаар тус тус шагнав.
Өнгөрсөн хугацаанд тус салбараас бакалаврын түвшинд 1991 оноос 27 удаагийн төгсөлтөөр 500-аад оюутан, 1999 оноос ахисан түвшинд 24 магистр, 2 доктор төгсөн гарч Монгол улсын хийгээд дэлхийн олон оронд ажиллаж хөдөлмөрлөн МУИС-ийн нэр хүндийг өндөрт өргөж явна. Төгсөгчдийн холбооноос ойн баяртаа зориулан зохион байгуулсан “Хүндэтгэлийн хүлээн авалт-Төгсөгчдийн уулзалт” үеэр Д.Сансармаа тэргүүтэй төгсөгчдийн төлөөлөлтэй санал солилцож, төгсөгчдийн холбооны үйл ажиллагааг идэвхжүүлэн ажиллах талаар ярилцлаа.
МУИС-ийн ШУС-ийн Ази судлалын тэнхимийн Солонгос судлалын салбараас 30 жилийн ойн арга хүрээний хүрээнд Монголын их дээд сургуулийн оюутны дунд “Солонгос хэлний эсээ бичлэгийн улсын уралдаан”-ийг 2021 оны 12 дугаар 3-нд амжилттай зохион байгуулсны дээр 12 дугаар сарын 16-ны өдөр МУИС-ийн дэргэдэх “Улаанбаатар 2 Сэжун Институт”-тай хамтран “Залуу эрдэмтэн судлаачдын индэр 2021” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг мөн амжилттай зохион байгуулж, залуу эрдэмтэн судлаачдын сүүлийн үеийн судалгааны үр дүнтэй танилцан санал солилцов.
Тус салбарын 30 жилийн ойг тэмдэглэх өнгөрүүлэхэд тусалж дэмжиж ажилласан МУИС-ийн захирал Б.Очирхуяг, дэд захирал Д.Бадмаанямбуу, Н.Батхүү, Ц.Болормаа, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Г.Мөнхбаяр, ШУС-ийн захирал Д.Заяабаатар, дэд захирал П.Дэлгэржаргал, тэнхимийн эрхлэгч Ш.Эгшиг, Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ш.Мэндбаяр, зохион байгуулах ажилд оролцсон нийт багш, оюутан, төгсөгчиддөө гүн талархал илэрхийлье.