МУИС-ийн эрдэмтэн багш, хөтөлбөрт оролцогч талуудын анхааралд
МУИС-ийн одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Сургалтын журам нь 2015 онд батлагдан хэрэгжиж ирлээ. Энэхүү журам нь либерал арт үзэл санааг тусган оюутанд өргөн сонголтыг бий болгох, зах зээлд хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх, сургалтын хөтөлбөр болон түүний хэрэгжүүлэлтэд гарах үйл ажиллагааг зохицуулах суурь журам болон хэрэгжиж байна. Энэхүү журмыг хэрэгжүүлэх явцад суралцагч, эрдэмтэн багш, хөтөлбөрийн хороод, бусад хөтөлбөрт оролцогч талууд, ажил олгогчид, магадлан итгэмжлэлийн байгууллагуудаас тодорхой санал, хүсэлт, зөвлөмжүүд цөөнгүй ирсэн бөгөөд одоогийн Сургалтын журмыг бусад сургалт, хөтөлбөртэй холбогдох журмуудтай нэгтгэн “Хөтөлбөрийн журам”, “Сургалтын үйл ажиллагааг зохицуулах журам” болгон чиг үүргийн хувьд салган, тус бүрд нь нарийвчлан боловсруулахаар төлөвлөн ажиллаж байна.
МУИС-ийн захирлын 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн “Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай” А/88 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсгийн зүгээс МУИС-ийн хөтөлбөрийн журмын төслийг боловсруулан дуусгаж та бүхэнд танилцуулж байна. Эрдэмтэн багш, хөтөлбөрт оролцогч талууд та бүхэн журмын төсөлтэй танилцана уу.
“Сургалтын үйл ажиллагааг зохицуулах журам”-ын ажлын хэсгийн зүгээс журмын төслийг 2021 оны 12 дугаар сарын 24-нд багтаан эцэслэж та бүхэнд танилцуулах болно.
“Хөтөлбөрийн журам”, “Сургалтын үйл ажиллагааг зохицуулах журам”-ын нэгдсэн танилцуулгыг 2021 оны 12 дугаар сарын 28, 30-ны өдрүүдэд Microsoft Teams программаар 1330-1730 цагт хоёр удаа цахим хэлбэрээр зохион байгуулна. Та бүхнийг өөрсдийн боломжит цагт дээрх хуваарийн дагуу журмын танилцуулгад оролцохыг хүсье.
Танилцуулгын үеэр журмын үндсэн үзэл санаа, шинээр болон өөрчлөн томьёолсон зүйл, заалтуудын талаар мэдээлэл өгөх бөгөөд холбогдох заалтуудын хүрээнд тодруулга асуулт асуух боломжтой. Та бүхэн журмын файлтай эхэлж танилцан асуулт байвал танилцуулгын товлосон цагаас өмнө ажлын хэсгийн нарийн бичгийн цахим шуудан (purevtsogt@num.edu.mn)-гаар дамжуулан урьдчилан өгөх боломжтой. Журмын танилцуулгын дээрх цагт журамтай холбогдох санал авахгүй бөгөөд та бүхэн саналаа тэнхим, нэгжийн хэмжээнд нэгтгэн 2022 оны 1 дүгээр сарын 7-ныг дуустал ирүүлэх боломжтой.
Хөтөлбөрийн журмын ажлын хэсэг