УЛСЫН ЭЛЕКТРОНИКИЙН XIV ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Share Button

Улсын Электроникийн XIV олимпиад МУИС-ийн Мэдээллийн технологийн сургууль (МТС) дээр 2012 оны 11 дүгээр сарын 03-аас 04-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Уг олимпиад нь электроник, автоматжуулалтын чиглэлээр суралцдаг их дээд сургуулийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон явагддаг бөгөөд энэ удаагийн олимпиадад МУИС-ийн МТС, ФЭС, Улаанбаатар, ШУТИС-ийн МХТС, ЭХИС, КТМС, МИС, Хүрээ дээд сургууль  зэрэг 10 гаруй их дээд сургуулийн 11 багийн нийт 100 орчим оюутан залуус, эрдэмтэн багш нарыг хамарч өргөн хүрээнд зохиогдлоо.

Электроникийн чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, оюутнуудын сурах эрмэлзлэлийг дээшлүүлэх, электроникийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага болон их дээд сургуулиудын хамтын ажиллагааг сайжруулах, электроникийн мэргэжлийг сурталчилах зорилготой уг олимпиад нь энэ жил МУИС-ийн 70 жил, МТС-ийн 10 жилийн ойн хүрээнд зохиогдлоо.

Уг үйл ажиллагаанд электроникийн олимпиадаас гадна ажлын байрны үзэсгэлэн, оюутны болон багш нарын эрдэм шинжилгээний бага хурал  зэрэг үйл ажиллагаа явагдсан бөгөөд энэ удаагийн олимпиадыг мэдээлэл, холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, салбартаа тэргүүлэгч “Промон” компани Ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажилласан юм.

Уг олимпиад нь бодлогын болон практикийн даалгаврын гэсэн хоёр төрлөөр зохиогддог ба энэ жилийн бодлогын төрлийн тэмцээнийг МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн 2002 оны төгсөгч, “Source Computer XXК”-ийн захирал асан Ч.Барбаатарын нэрэмжит болгон зохиож байгаагаараа онцлог юм.

Электроникийн олимпиадад МУИС, ШУТИС, Хүрээ зэрэг 10 гаруй их дээд сургуулийн 11 багийн нийт 50 оюутан оролцсоноос багийн нийлбэр дүнгээр Ж.Баттогтох багштай МУИС-ийн МТС-ийн 1-р баг ­­­­­­­­­­­63 оноогоор Тэргүүн байр эзэлж   Шилжин явах цом, 1 000 000 төгрөгөөр, ­­­­­­­­­­­­ Ж.Баттогтох багштай МУИС-ийн МТС-ийн 2-р баг 53 оноогоор Дэд байр эзэлж Өргөмжлөл, 800 000 төгрөгөөр, Ц.Хүрэлбаатар багштай ШУТИС-ийн МХТС-ийн баг 43 оноогоор Гуравдугаар байр эзэлж Өргөмжлөл, 500 000 төгрөгөөр тус тус шагнууллаа. Харин хувийн дүнгээр МУИС-ийн МТС-ийн оюутан Л.Өлзийбат 24 оноогоор I байр эзэлж Алтан медаль, ШУТИС-ийн МХТС-ийн оюутан Ч.Мөнхжаргал 23 оноогоор II байр эзэлж Мөнгөн медаль, МУИС-ийн МТС-ийн  оюутан О.Золжаргал 19 оноогоор III байр эзэлж Хүрэл медалийн эзэн боллоо.

Оюутны эрдэм шинжилгээний хуралд 1-р байрыг ШУТИС-ийн   МХТС-ийн оюутан  Т. Тамир, Б.Содхүү нар  ”Дүрс боловсруулалт дээр хөдөлгөөнт роботын удирдлагын загварчлал” илтгэлээр, II байрыг МУИС-ийн , ФЭС-ийн оюутан Б.Цэлмэг “Усыг дахин боловсруулах шатанд очит ниргэлгийг ашиглах” илтгэлээр тус тус эхний байрыг эзэллээ.

Энэ жилийн олимпиадын практик даалгаврын тэмцээнийг ip камер ашиглаж зайнаас шалгасан нь орчин үеийн техникийн дэвшлийг ашигласан шинэлэг үйл ажиллагаа боллоо.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар