Монголын хүрээлэн буй орчны инженер мэргэжилтнүүдийн нийгэмлэг нь байгаль орчны мэргэжилтнүүдийг чадавхжуулах, шинжлэх ухааныг хөгжүүлэх, сурталчлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийгэмд үйлчилдэг сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ашгийн бус байгууллага бөгөөд Монгол Улсын Их сургуультай хамтран Хүрээлэн буй орчны инженерчлэл хөтөлбөрөөр суралцаж буй бакалаврын түвшний суралцагчдад сурч боловсрох, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, урамшуулах зорилгоор тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэн тэтгэлгийг 2 жилдээ олгож байна.
2021-2022 оны хичээлийн жилд энэхүү хөтөлбөрийн хүрээнд ХБООИТ-ийн Хүрээлэн буй орчны инженер хөтөлбөрийн баг, Оюутан, төгсөгчийн хэлтэс, ивээн тэтгэгчээс бүрдсэн ажлын хэсэг зохион байгуулагдаж, суралцагчдын сурлагын амжилт, судалгаа шинжилгээ, эссэ, нийгмийн идэвх оролцоо, урлаг спортын амжилтыг шалгуур болгон үзэж 2 суралцагчийг шалгарууллаа.
Шалгаруулалтад Хүрээлэн буй орчны инженер хөтөлбөрийн 4-р түвшний суралцагч Д. Нямхүү, 3-р түвшний суралцагч Б.Урангоо нар шалгарч тэтгэлгийг хүлээн авлаа.
Тэтгэлэг гардуулах ёслолын арга хэмжээнд Монголын хүрээлэн буй орчны инженерийн холбооны гүйцэтгэх захирал А.Жавхлан, МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Бадмаанямбуу, Оюутан, төгсөгчийн хэлтсийн дарга М.Эрдэнэчимэг, Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн багш дэд профессор Т.Энхдөл нар оролцож шалгарсан суралцагчдад баяр хүргэж тэтгэлгийн батламжийг гардуулан өглөө.
Оюутан, төгсөгчийн хэлтэс