Метрохимийн сургалт семинар амжилттай болж өнгөрлөө

Share Button

МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Байгалийн ухааны салбарын Химийн тэнхимийн профессор О.Болормаагийн санаачилгаар 2011 оноос хойш уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа “Химийн хэмжил зүйн сургалт семинар” 2-р сарын 25-26-ны өдрүүдэд дөрөв дэх удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.

Уг сургалт семинар нь лабораторийн шинжээчид болон чанарын үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтнүүдийн хэмжил зүйн үндсэн мэдлэгийг дээшлүүлэн анализын үр дүнг үнэн зөв боловсруулахад хувь нэмэр оруулснаараа тухайн лабораторийн чадамжийг сайжруулах чухал ач холбогдолтой, онол ба дадлага хосолсон хэлбэрээр явагдаж гарын авлага, номоор хангадаг онцлогтой билээ.

Сургалт семинарыг нээж ШУС-ийн захирал, профессор Д.Заяабаатар үг хэлэхдээ энэ сургалтын ач холбогдлыг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлсэн бөгөөд сургалтад оролцогсдод амжилт хүслээ. Энэ удаагийн сургалт семинарын хүрээнд эхний өдөр метрологийн үндсэн ухагдахуун, нэр томьёо; дисперсийн анализ, төрөл, түүнийг тооцоолох аргууд; корреляцийн ба регрессийн анализ; анализын эргэлзээ, төрөл, түүнийг тооцоолох аргуудын талаар профессор О.Болормаа, доктор Ч.Буян нар лекц уншиж, хоёр дахь өдөр лекцийн агуулгын дагуу дадлагын хичээлийг багш нар компьютер, программ хангамж ашиглан явуулсан.

Сургалт семинарт Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ, Ус Сувгийн Удирдах Газар, Дулааны  Цахилгаан Станц IV, Гаалийн Ерөнхий Газрын Гаалийн Төв Лаборатори, Иргэний Нисэхийн Ерөнхий Газар, АПУ ХК, Талх Чихэр ХК, Дархан ХААИС, Ар Си Инспекшн Азиа Ассайрс ХХК, Эс Жи Эс Ай Эм Эм И Монголиа ХХК, Хэлт энд Сэфти Солушинс ХХК, Бласт ХХК, Трү Ти Ар Си ХХК, “Тавин ус” Эмийн үйлдвэр, Монэнзим ХХК  зэрэг албан байгууллагуудын нийт 30 орчим лабораторийн мэргэжилтнүүд идэвхтэй оролцов. Сургалт семинарын төгсгөлд оролцогчдод сертификат гардуулсан бөгөөд сургалтын дараах сэтгэл ханамжийн санал асуулгын үр дүнгээс харахад сэтгэл ханамж 100% байсан бөгөөд энэхүү сургалт семинарыг хавар давтан явуулах, байгууллага дээрээ багш нарыг урьж заалгах, мөн ахисан шатны сургалт авах хүсэлт захиалга их ирсэн байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар