ЭМГЭНЭЛ
КОФУШИНА ИННА ВЛАДИМИРОВНА
/1937-2022/
Кофушина Инна Владимировна нь 1937 онд Якут АССР-ийн Алдан хотод төрсөн. 1961 онд Эрхүү хотын Гадаад хэлний улсын дээд сургуулийн англи хэлний ангийг төгсөж 1961-1965 онд Алдан хотын 3-р дунд сургуульд англи хэлний багш, 1965-1981 онд Барилгын техникумд орос хэлний багш, 1975 оноос МУИС-ийн хэл бичгийн факультетын гадаад хэлний тэнхимд англи хэлний багшаар тус тус ажиллаж Орос-Монгол улсын боловсролын салбарт нийт 46 жил өөрийн ухамсарт амьдралаа зориулжээ. МУИС-д ажиллах хугацаандаа оюутны зун, намрын ажилд оюутан авч Баянзүрх, Толгойтын төмсний зоорь, Өвөрхангай аймгийн Өвдөг худгийн тоосгоны завод, Бүрд сум, Төв аймгийн Бүрэн сум, Дорнод аймгийн Сэргэлэн сумын ХАА-н нэгдлүүдэд оюутны гавшгай отрядаар удаа дараа явж идэвх зүтгэлтэй ажиллаж байсан байна.
К.Инна багш нь МУИС-ийн ГХСС-ийн Их Британи, Америк судлалын тэнхимд англи хэлний багшаар ажиллах хугацаандаа залуу багш нар, оюутан сурагчиддаа англи хэлийг чанартай сургахын төлөө бүхий л зүрх сэтгэлээ зориулахын сацуу 1998 онд сурган хүмүүжүүлэх ухааны магистрын зэрэг хамгаалсан манай чадварлаг багш нарын нэг байлаа. К.Иннагийн хичээл зүтгэл, ажлын амжилтыг үнэлж 1996 онд Ардын боловсролын тэргүүний ажилтан, 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн хүндэт медаль, 2003 онд Монголын залуучуудын холбооны “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” медаль, 2008 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнаж байжээ.
Инна багш маань 2022.03.29-ний өдөр хүнд өвчний улмаас тэнгэрт дэвшиж гэр бүл, хамт, олон, шавь нарт нь нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.Та минь хоёр дахь эх орон болсон Монголынхоо хөрсөнд амгалан нойрсох болтугай. Таны минь шударга хичээнгүй зан чанар, өгөөмөр нинжин сэтгэл бидний сэтгэлд үүрд мөнхрөн үлдэх болно.
Үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамт олон, үе үеийн шавь нарт нь гүн эмгэнэл илэрхийлье.
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх ухааны сургууль
Их Британи, Америк судлалын тэнхим