ЭМГЭНЭЛ
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ, ДОКТОР, ПРОФЕССОР МӨНХНАСАНГИЙН БАЯНТӨР
/1934-2022/
Монгол Улсын гавьяат багш, МУИС-ийн хүндэт профессор, нэрт сурган хүмүүжүүлэгч Мөнхнасангийн Баянтөр 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр таалал төгсөж, Монголын газарзүйн шинжлэх ухаан, боловсролын салбар, хамт олон, олон мянган шавь нарт нь нөхөж баршгүй их гарз тохиолоо.
М.Баянтөр Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутаг, “Харгана тохой” хэмээх газар 1934 оны 4-р сарын 4-нд мэндэлжээ. Тэрээр 1945-1955 онд Бүрэнгийн бага сургууль, Завхан аймгийн Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн дунд сургуульд амжилттай суралцан төгсөж, 1955 онд МУИС-ийн орос хэлний ангид элсэн 1 жил суралцаад, МУИС-ийн захиргааны шийдвэрээр 1956-1961 онд М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Их Сургуулийн Газарзүйн факультетад элсэн суралцаж, “Эдийн засгийн газарзүйч” мэргэжил эзэмшжээ.
М.Баянтөр 1961 оноос ЭЗДС-д багшаар томилогдон үр бүтээлтэй ажиллаж байгаад 1966 оноос МУИС-ийн газарзүйн салбартаа ирж, энэ цаг үеэс өнөөг хүртэл тус салбар болон Монголын газарзүйн шинжлэх ухаан, боловсролыг хөгжүүлэх үйлсэд өөрийн ухамсарт амьдралаа бүрэн зориулсан, энгүй их үйлстэн байлаа. Тэрээр МУИС-ийн газарзүйн салбарт 50 гаруй жил үүнээс 30 орчим жил тэнхимийн эрхлэгчээр ажиллаж, энэ хугацаанд тус салбарт газарзүйч, зурагзүйч, хөрс судлал, бүс нутаг судлал, газрын менежмент, аялал жуулчлалын менежмент зэрэг мэргэжлийн сургалтыг шинээр нээж, хөгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулжээ.
Тэрээр МУИС-д нийгэм эдийн засгийн газарзүйн сургалт судалгааг үндэслэн хөгжүүлэгч, нэрт эрдэмтэн багш байлаа. 1973 онд Монгол улсын хотын газарзүйн чиглэлээр дэд докторын зэрэг хамгаалж монголын газарзүйд хотын газарзүйн шинэ чиглэлийг үндэслэсэн гавьяатан билээ. Тэрээр “Орон нутгийн харьяалалтай хотын болзлыг шинэчлэн тогтоох тухай БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 1972 оны 52-р зарлиг, Монгол Улсын хот, тосгоны эрхзүйн байдлын тухай УИХ-ын 1993 оны хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт оролцож өөрийн томьёоллуудыг тусгуулжээ.
М.Баянтөр нэгэн сэдэвт зохиол 12, сурах бичиг, гарын авлага 25, эрдэм шинжилгээний өгүүлэл 70 гаруй, сурталчилгааны чанартай судалгааны өгүүлэл 20 гаруйг бичиж нийтлүүлжээ. Түүнээс гадна ном, сурах бичгийн шүүмж 10 гаруй, 25 сурах бичиг, нэг сэдэвт бүтээл, ном, газарзүйн зураг, атласын редактораар ажиллажээ. Томоохон бүтээлээс дурдвал 1989 онд хэвлэгдсэн “Озера Хубсугул”, мөн 1990, 2009 онд хэвлэгдсэн БНМАУ, Монгол Улсын үндэсний атласт Монгол Улсын хүн ам, хот сууринтай холбоотой 17 зургийг зохиож хэвлүүлсэн ба эдгээр атласын шинжлэх ухааны редакцын зөвлөл, коллегийн гишүүн, хүн амын бүлгийн газарзүйн зургийн редактораар ажиллажээ.
М.Баянтөр 6 эрдэмтэн, 10 гаруй магистрын эрдэм шинжилгээний ажлыг удирдан хамгаалуулж, 1989-2008 он хүртэл газарзүйн ухаанаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга, гишүүнээр ажиллаж байлаа.
М.Баянтөр сургуулийн газарзүйг хөгжүүлэх, газарзүйн боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан соён гэгээрүүлэгч байлаа. Тэрээр Монгол Улсын НЭЗГЗ, Гадаад орнуудын НЭЗГЗ-н сурах бичгийн зохиогчдын багийг ахлан ажиллаж, ЕБС-ийн 9,10-р ангид үзэх гадаад орнуудын НЭЗГЗ-н сурах бичгийг 1974 оноос эхлэн зургаан удаа бичиж хэвлүүлсэн ба 2004 онд БСШУЯ-аас зарласан уралдаанд тэргүүн байр эзэлж байжээ.
М.Баянтөр 1977-1981 онд БНМАУ-ын СнЗ-ийн УДТДТМ-ийн Боловсролын хороонд гадаад харилцааны хэлтсийн даргаар ажиллаж, энэ хугацаанд ЗХУ ба бусад социалист улсуудын их дээд, ТМС-д 3000 гаруй оюутан, сурагчдыг 400 гаруй мэргэжлээр сонгон шалгаруулж суралцуулах ажлыг хариуцан, суралцах мэргэжлийг эх орны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн захиалах, гадаадад суралцаж буй оюутантай холбогдсон тогтоол, шийдвэрийг шинэчлэн боловсруулах, бэлтгэл ангийг МУИС-ийн харьяанд нээн хичээллүүлэх зэрэг олон асуудлаар МАХН-ын Төв Хороо, СнЗ-д тогтоолын төсөл боловсруулан оруулж зохих шийдвэрийг гаргуулж байсан төрийн ажилтан байжээ.
М.Баянтөр МУИС-ийн профессор, хүндэт профессор, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотын УБИС-ийн зочин профессор цол хүртжээ. Түүний хөдөлмөр, бүтээлийг Монголын төр өндрөөр үнэлж ойн медалиуд, Алтан гадас одон, Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж, 2014 оны 01-р сарын 29-ны өдрийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавьяат Багш цол хүртээжээ.
Таны минь шударга хичээнгүй зан чанар, өгөөмөр нинжин сэтгэл, өндөр насыг зооглосон ч намба төрх нь хэвээрээ, шавь нараараа бахархаж, оюундаа хураасан бүхнээ тэдэндээ хүртээж, түүртсэн шинжгүй алхалж явдаг гэгээн дүр төрх тань бидний сэтгэлд үүрд мөнхрөн үлдэх болно.
Монгол Улсын Их Сургууль
МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Газарзүйн тэнхим
Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Газарзүйн Тэнхим
Ховдын Их Сургуулийн Газарзүйн Тэнхим
ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн Хүрээлэн