Биологийн тэнхимийн санаачилгаар зохион байгуулж буй “Биологич профессорын зам” цуврал лекцийн 2022 оны 4-р сарын 14-ний өдрийн зочноор Монгол Улсын гавьяат багш, профессор, Биологийн шинжлэх ухааны доктор Цагаанбандийн Цэндээхүү багш оролцож, “Монгол Улсын Их Сургуульд биологи, ботаник, ургамлын физиологийн чиглэлээр явуулсан сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагааны он жилүүд” сэдвээр илтгэл сонирхуулав.
Профессор Ц. Цэндээхүү нь Биологийн тэнхимийн Ургамал судлалын мэргэшүүлэх хөтөлбөрт тасралтгүй 48 жил (1965-2013 он) ажилласан ургамлын физиологийн шинжлэх ухааны сургалт, судалгааны ажлын үндэс суурийг Монгол улсад анхлан тавьж, шавь сургуулийг үүсгэн байгуулж хөгжүүлсэн, эрдэм номын арвин бүтээлтэй эрдэмтэн багш юм.
Профессор Ц.Цэндээхүү байгалийн чацарганы популяцийн хувьсал, генетик нөөц, удмын сангийн судалгааг хийж, чацаргана бүхий бүх нутгийг хамруулан шинж тэмдгийн удамших хувьслын анализ, генийн газарзүйн тархалтыг анх удаа хийж, судалгааны үр дүнгээр 2 монограф, 1 ном, 30 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн байна.
Ц.Цэндээхүү багш МУИС-д ажиллах хугацаандаа 22 ном, сурах бичиг, 16 гарын авлага, 100 орчим эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлжээ.