Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2021 оны 11 сарын 26-ны өдрийн 104 дүгээр зарлигаар Монгол Улсын Хууль зүйн сургуулийг түшиглэн байгуулагдаж Монгол Улсын анхны ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн өдөр буюу 2022 оны 01 сарын 13-ны өдөр нээлтээ хийсэн.
Хүрээлэн нь Үндсэн хуулийн эрх зүйн судалгааг олон улсын жишигт нийцүүлэн чанарын өндөр түвшинд гүйцэтгэдэг Монгол Улсын эрдэм шинжилгээний тэргүүлэгч хүрээлэн болох, Монгол Улсад Үндсэн хуульт ардчилал, Үндсэн хуульт байгууллыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахаар зорилго тавин ажиллаж байна. Энэ зорилгынхоо хүрээнд Үндсэн хуулийн эрх зүйн судалгаа хийх, хэлэлцүүлэх, хэвлэх, сургалт, семинар зохион байгуулах, Үндсэн хуулийн үнэт зүйлийг нийгэмд таниулан сурталчлах зэрэг ажлыг хийж байгаа билээ.
МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн нь 2022 оны 4 сарын 20-ны өдөр Үндсэн хуулийн эрх зүйн эрдэмтэн, судлаачдын анхдугаар уулзалтыг зохион байгуулав. Уулзалтад МУИС-ийн Эмирет профессор, Академич С.Нарангэрэл, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, доктор, профессор Н.Жанцан, УИХ-ын даргын зөвлөх, доктор, профессор Д.Лүндээжанцан, доктор, профессор Н.Лүндэндорж, доктор, профессор Д.Солонго, доктор, профессор Х.Сэлэнгэ, доктор, профессор Д.Баярсайхан тэргүүтэй Монгол Улсын Үндсэн хуулийн эрх зүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн, судлаач, хуульчид оролцсон юм.
Уг уулзалтаар Хүрээлэнгийн алсын хараа, зорилго, чиглэл, үйл ажиллагааг салбарын эрдэмтэн, судлаачдад танилцуулж, цаашдын хамтын ажиллагаа, оролцооны талаар санал солилцов. Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн үйл ажиллагааны чиглэл, хүрээг боловсронгуй болгоход өөрсдийн үнэтэй зөвлөмж, саналыг өгч, хамтран ажиллахаа илэрхийлсэн эрдэмтэн, судлаачдад талархал илэрхийлье.