МУИС-ийн математик, цаг уурын ангийг төгсөгчид багш нартаа хүндэтгэл үзүүллээ

Share Button

МУИС үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойд зориулж тус сургуулийн математик, цаг уурын ангийг 1992 оны төгсөгчид “Багшаа дээдэлье” сэдэвт хүндэтгэлийн уулзалтыг 2022.05.14-нд МУИС-ийн дугуй танхимд зохион байгууллаа. Энэхүү хүндэтгэлийн уулзалтад МУИС-д 1990 ээд оны үед ажиллаж байсан эрдэмтэн багш, нарийн бичиг, номын санч зэрэг ахмад үеийн төлөөлөл, МУИС-ийн захирал Б.Очирхуяг нар урилгаар оролцов.

МУИС-ийн захирал, доктор Б.Очирхуяг уригдан ирсэн эрдэмтэн багш нарт талархал илэрхийлж, их сургуулийн өнөөгийн үйл ажиллагаа, ололт амжилт, цаашдын зорилтын талаар товч танилцуулж, хүндэт зочдод эрүүл энх, урт наслахыг ерөөв.

Төгсөгчид анги удирдсан багш Монгол Улсын Гавьяат багш, МУИС-ийн хүндэт профессор У.Доёд, Монгол Улсад мэдээллийн технологийг хөгжүүлэх үйлсийг түүчээлэгч багш Б.Жаргал болон оюутны таван жилийн хугацаанд хичээл зааж байсан эрдэмтэн олон багш нарынхаа эрдмийн алдар цолыг нь дурдаж тэднийхээ сургаал номоо хайрлаж байсан алтан мөчүүдээс дурсаж, ном мэргэн багш нарынхаа шавь нь болсондоо бахархахын зэрэгцээ тэднийхээ эрдэм сургаалыг улс нийгмийн салбар бүрд хэрэгжүүлж, МУИС-ийн төгсөгч гэдэг эрхэм үүрэг хариуцлагаа байнга санаж явдгаа илэрхийлэв.

Төгсөгчид Хэрэглээний математикийн болон Математикийн тэнхимүүдэд хандив өргөж, өөрсдийн бүтээсэн ном бүтээлийн дээж болгож 1.2 сая төгрөгийн үнэ бүхий ном сурах бичгийг МУИС-ийн Номын санд бэлэглэв.

Хором мөч бүр оролцогчдын сэтгэлийг хөдөлгөсөн, багш оюутны хооронд одоо хүртэл байгаа багш шавийн нандин холбоог мэдрүүлсэн дотно сайхан уулзалт боллоо.

Төгсөгчид 30 жилдээ зориулсан ажлуудын нэг нь ангийн анд Д.Энхбаатарын нэрэмжит “Математик ба ирээдүй” сэдэвт олимпиадыг Архангай аймгийн Чулуут суманд зохион байгуулсан байна. Олимпиадад Чулуут, Өндөр-Улаан, Тариат, Ихтамир, Цахир сумын 7 сургуулийн 155 сурагчид оролцжээ.

Тус ангийнхан МУИС-д анх 1987 онд элсэхэд манай улс нийгмийн социалист чиг баримжаатай байж, оюутны жилүүдэд нь улс төр, эдийн засгийн тогтолцоо өөрчлөгдөж, 1992 онд зах зээлийн харилцаа бүхий шинэ нийгэмд ажиллах болж, тэрхүү өөрчлөлтийг даван туулж, сорилтыг боломж болгож, ажил мэргэжлээ өргөжүүлж, хорь гаруй мэргэжил дахин эзэмшиж, улс нийгэмдээ бүтээсэн ажил үйлстэй, бахархах бүтээлтэй амьдарч ажиллацгааж байна. Тус ангиас байгалийн ухаан, нийгмийн ухаан, эдийн засгийн ухааны чиглэлээр 10 доктор төрөн гарчээ. Тэдний тухай 2022.05.5-ны “Өдрийн сонин”, 2022.05.13-ны “Монголын мэдээ” сонинд “Сорилтод сөхрөөгүй 30 жил-Бид нэг ангийнхан” гэсэн нийтлэл гарчээ.

Математик, цаг уурын ангийн докторууд (Зүүн гараас Ц.Батсүх, Д.Нямсүрэн, Д.Цэдэнбаяр, Б.Хишигбаяр, С.Эрдэнэсүх,

арын эгнээ Г.Жаргал, Д.Больтогтох, Т.Баяртөгс, Н.Сэлэнгэ, Б.Лхагважав )

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар