МУИС-ийн түүхт 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан цуврал олимпиадуудын нэг болох Оюутны программчлалын үндэсний 12-р олимпиад 2022 оны 05-р сарын 21-ны өдөр болж, дүнгийн хурал 2022 оны 05-р сарын 23-нд МУИС-ийн 1-р байрны дугуй танхимд боллоо. Олимпиадын дүнгийн хуралд олимпиадыг зохион байгуулах комиссын дарга профессор Д.Гармаа, нарийн бичиг Г.Багаболд, И.Бямбасүрэн, ШУА-ийн Математик, Тоон технологийн хүрээлэнгийн захирал асан, профессор Б.Нэргүй, МУБИС-ийн, дэд профессор Р.Мижиддорж, ахлах багш Ж.Дашдэмбэрэл, ШУТИС-ийн МХТС-ийн салбарын эрхлэгч доктор А.Хүдэр зэрэг хүндэт зочид, оролцогч сургуулиудын багш, оюутнууд, олимпиадыг дэмжиж болон ивээн тэтгэж хамтран ажилласан байгууллагуудын төлөөлөл оролцов.
Энэ удаагийн олимпиадад их, дээд сургууль, коллежийн 11 багийн 31 оюутан, одтой баг буюу компани, хөгжүүлэгчдээс бүрдсэн 6 багийн 16 хөгжүүлэгч оролцсон юм.
Олимпиадад оролцогчид 5-р сарын 21-ний өдрийн 12:30-17:30 цагийн хооронд 12 бодлогын программыг бичиж мэдлэг, оюун ухаан, программчлалын ур чадвараараа өрсөлдлөө.
Оролцогч багууд дараах амжилтыг гаргасан байна. Үүнд:
Сургуулийн багийн онооны хүснэгт
№ | Багийн нэр | Сургуулийн нэр | Бодсон бодлого | Бодолтод зарцуулсан хугацаа |
1 | SEAS | МУИС | 7 | 469 |
2 | ASM | Шинэ Монгол ТДС | 7 | 478 |
3 | MTS | Мандах Их Сургууль | 7 | 577 |
4 | МХТС-1 | ШУТИС | 6 | 638 |
5 | SHA-256 | Идэр Их Сургууль | 6 | 1098 |
6 | Хүрээ | Хүрээ Их Сургууль | 4 | 292 |
7 | MUBIS | МУБИС | 4 | 313 |
8 | IZIU | Их Засаг ОУИС | 2 | 101 |
9 | CSE | Этүгэн Их Сургууль | 2 | 328 |
10 | ISM | СЭЗИС | 1 | 194 |
11 | Томъёо | ХААИС | 1 | 297 |
Эдгээр багуудаас МУИС-ийн ХШУИС-ийн Г.Гантулга дасгалжуулагчтай оюутан Э.Төрбат, У.Нямдаваа, О.Тогтуун нарын бүрэлдэхүүнтэй SEAS баг тэргүүн байранд, Шинэ Монгол ТДС-ийн М.Идэрбаатар дасгалжуулагчтай оюутан Я.Шинэбаяр, Б.Мөнх-Оргил, Б.Адъяатөмөр нарын бүрэлдэхүүнтэй ASM баг дэд байранд, Мандах Их Сургуулийн Б.Отгонбаяр, О.Төгсбаяр, О.Анхдалай нарын бүрэлдэхүүнтэй MTS баг 3-р байранд тус тус шалгарлаа.
Олимпиадын тусгай байруудад ШУТИС-ийн МХТС-ийн Б.Намжилдорж дасгалжуулагчтай Д.Батсүх, Э.Өнөболд, О.Итгэл нарын бүрэлдэхүүнтэй МХТС-1 баг, Идэр Их Сургуулийн Ц.Төртогтох дасгалжуулагчтай З.Лхагвасүрэн, Э.Гансүх, Ү.Рэнцэнханд нарын бүрэлдэхүүнтэй SHA-256 багууд тус тус шалгарсан бол олимпиадыг зохион байгуулах дүрмийн дагуу ХААИС-ийн Д.Оргил дасгалжуулагчтай О.Эрдэнэгарав, Ш.Оюундарь, О.Амартүвшин нарын гишүүдтэй Томъёо багийг хоёр эмэгтэй гишүүнтэй байсан учраас онцгой багаар тодрууллаа.
Одтой багийн онооны хүснэгт
№ | Багийн нэр | Байгууллагын нэр | Бодсон бодлого | Бодолтод зарцуулсан хугацаа |
1 | TA-54 | Дархан | 8 | 532 |
2 | UG | Оюу-Толгой | 8 | 911 |
3 | Gerege | Gerege Systems | 8 | 1238 |
4 | TDB | Худалдаа хөгжлийн банк | 7 | 959 |
5 | Schrodinger’s bits | Unitel | 7 | 1207 |
6 | FireA | Tok Tok | 4 | 294 |
Харин одтой багийн хувьд Дархан-Уул аймгаас ирж оролцсон TA-54 баг 8 бодлогыг 532 минутад бодож тэргүүлсэн бол, Оюу-Толгой компанийн хөгжүүлэгчдээс бүрдсэн UG баг 8 бодлогыг 911 минутад бодож 2-т, Gerege Systems компанийн Gerege баг 8 бодлогыг 1238 минутад бодож 3-т тус тус эрэмбэлэгдсэн болно.
Олимпиадад амжилттай оролцсон бүх багуудад олимпиадыг зохион байгуулах комисс, дэмжигч байгууллагуудын зүгээс баяр хүргэж сурлага, бүтээл, ажил хөдөлмөрийн их амжилтыг хүсэн ерөөж байна.
Мөн хамтран ажилласан байгууллагууддаа талархал илэрхийлье.