Торгоны замын их сургуулиудын холбооны 2022 оны ээлжит чуулганыг БНСУ-ын Ханкүк гадаад хэлний их сургууль болон Дубайн Канад их сургууль 2022 оны 5 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд хамтран зохион байгуулж, МУИС-ийг төлөөлж Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал С.Должин цахимаар оролцлоо. Энэ удаагийн чуулган “Хиймэл оюун ухаан ба их өгөгдлийн эрин үед их сургуулиудын үүрэг: сорилт ба боломжууд” сэдвийн хүрээнд өрнөж, холбооны үйл ажиллагаа, санхүүгийн тайланг хэлэлцэж, шинэ удирдах зөвлөлийн гишүүдийг сонгов.
Торгоны замын их сургуулиудын холбоог анх 2014 онд БНСУ-ын Ханкүк гадаад хэлний их сургууль болон Кёнсанбүг мужийн захиргаа хамтран санаачилсан бөгөөд өдгөө Ази, Европ дахь 79 их, дээд сургуулийг нэгтгэсэн их сургуулиудын сүлжээ болон өргөжиж байна. Тус холбоонд МУИС 2016 онд гишүүнээр нэгдэн орсон бөгөөд удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажилладаг. Мөн 2021 онд 7 дахь удаагийн ээлжит чуулганг МУИС, Ханкүк гадаад хэлний их сургуультай хамтран цахимаар зохион байгуулсан.
Холбооны зүгээс жил бүр оюутнуудын дунд фото зураг, эссэ бичлэг, уран илтгэлийн тэмцээн зохион байгуулдаг, SILKROADIA цахим сэтгүүлийг эрхлэн хэвлүүлдэг, харьяандаа эрдэмтэн, судлаачдын Торгоны зам судлалын олон улсын нийгэмлэгийг ажиллуулдаг. Холбооны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.sun-silkroadia.org/ цахим хуудаснаас үзнэ үү.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС