Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан ““Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-д бүс нутагтаа өрсөлдөх чадвартай үндэсний судалгааны их сургууль байгуулах, Засгийн газрын 2018 оны 282 дугаар тогтоолоор баталсан “Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-т Монгол улсын 4 хүртэлх их сургуулийг Азийн шилдэг 100 их, дээд сургуулийн эгнээн багтаан оруулах, түүний урьтал нөхцөлүүдийг хангахаар тус тус тусгасан.
Харин “МУИС-ийг 2024 он хүртэл хөгжүүлэх стратеги”-д бүс нутгийн хэмжээнд тэргүүлэх байр суурьтай судалгааны их сургууль болж, улмаар Азийн шилдэг 100 их сургуулийн эгнээнд багтаж орохоор заасан. Үүний дагуу стратегийн зорилтын 1.2.5-д “дэлхийн болон Азийн тэргүүлэх их сургууль, олон улсын эрдэм шинжилгээний 25 байгууллагатай хамтран ажиллах” заалтыг хэрэгжүүлэн ажиллахад гадаад хамтын ажиллагаанд их сургуулиудын эрэмбэ, чансааг чухалчилж үздэг.
Олон улсын их, дээд сургуулиудын чансаа тогтоож буй Center for World University Rankings (CWUR), Quacquarelli Symonds (QS), Times Higher Education (THE), U-multirank, Academic Ranking of World Universities (ARWU) зэрэг олон төрлийн эрэмбэ байгаагаас хамгийн өндөр нэр хүндтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нь QS болон THE юм. Тиймээс QS, THE-ийн Азийн их сургуулиудын 2022 оны эрэмбэ шинэчлэгдэн гарсан тул үүнийг танилцуулж байна.
THE Азийн их сургуулиудын эрэмбэд Цинхуа их сургууль, Бээжингийн их сургууль, Сингапурын үндэсний их сургуулиуд сүүлийн 5 жил дараалан эхний 3-т жагссан бол QS Азийн их сургуулиудын эрэмбэд дээрх гурваас гадна Хонг Конгийн их сургууль, Наняаны технологийн их сургуулиуд эрэмбэлэгдэж байсан.
2022 оны Азийн шилдэг 100 их, дээд сургуульд QS эрэмбээр 14 улс, орны, THE эрэмбээр 21 улс, орны их, дээд сургуулиуд багтсан байна. Үүнээс БНХАУ-аас (THE эрэмбээр-30, QS эрэмбээр-25) хамгийн олон их, дээд сургууль Азийн шилдэг 100-д жагссан байна.
Эдгээрээс МУИС-ийг 2024 он хүртэл хөгжүүлэх стратегид туссан “дэлхийн болон Азийн тэргүүлэх их сургууль, олон улсын эрдэм шинжилгээний 25 байгууллагатай хамтран ажиллах” зорилтын хүрээнд 2022 оны Азийн шилдэг 100 их, дээд сургуулиас THE эрэмбийн дагуу 24, QS эрэмбийн дагуу 37 их, дээд сургуультай МУИС хамтран ажиллаж байна.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС