“Нүүдэлчин Монголчуудын уламжлалт мэдлэгт тулгуурлан бэлчээрийн тэжээлийн зэрлэг ургамлыг зүй зохистой ашиглах замаар бэлчээрийг сайжруулах нь” сэдэвт САТРЕПС төслийн Хамтарсан зохицуулах хорооны хурал ХААИС-ийн Мэл эмнэлгийн хүрээлэн дээр 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр болж өнгөрөв. Ковид-19 цар тахлын улмаас хойшилж байсан Хамтарсан зохицуулах хорооны энэ удаагийн хуралд Япон талын бүх судалгааны байгууллагын төлөөлөгчид болох 5 багш биеэр хүрэлцэн ирсэн байв.
Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), Шинжлэх ухаан, технологийн агентлаг (ЖСТ) хамтран хэрэгжүүлж буй уг төсөл нь 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаанд үргэлжилж буй юм. Уг төслийн судалгаанд Японы талаас Токиогийн сургууль толгойлж, Тохокүгийн анагаах ухаан, эм зүйн их сургууль, Киотогийн их сургууль, Хөдөө аж ахуй, хүнсний судалгааны үндэсний хүрээлэн хамтран оролцож, Монгол талаас МУИС толгойлж, ХААИС хамтран оролцож байна.
Танхим, цахим холимог хэлбэрээр явагдсан төслийн Хамтарсан зохицуулах хорооны хуралд БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацийн хөгжүүлэлт, хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Д.Баттогтох, Япон улсын ЖАЙКА байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Ш.Танака болон Хамтарсан зохицуулах хорооны гишүүд, 2 талын холбогдох байгууллагын төлөөлөгчид зэрэг 50 хүн оролцсон юм.
Төслийн менежер, МУИС-ийн профессор Ж.Батхүү хуралд оролцогчдыг танилцуулсны дараа Монголын талд нийлүүлэгдсэн судалгааны багаж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаа болов. МУИС-ийн Ахисан түвшний сургуульд гүн хөлдөөгч, ургуулангийн кабинет, бодит хугацааны ПСР, анализын болон препаратив өндөр мэдрэмжийн шингэний хроматографи, 60 МГц-ийн цөмийн соронзон резонанси, флуоресценци микроскопи зэрэг 1,357,476,629 ₮, ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнд вакуум ууршуулагч, биохимийн анализатор, центрифуг зэрэг 150,497,380 ₮, Экосистемийн судалгааны төвд бичил цаг уурын станци, үр цэвэрлэх, бүрэх машин, ургуулангийн кабинет, дрон зэрэг 505,518,813 ₮, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд эслэгийн анализатор, улаан туяаны мужийн сенсор, тэжээл нунтаглагч зэрэг 179,150,130 ₮, нийт 2,192,642,952 (2 тэрбум нэг зуун ерэн хоёр сая зургаан зуун дөчин хоёр мянга есөн зуун тавин хоёр) төгрөгийн үнийн дүн бүхий судалгааны орчин үеийн багаж төхөөрөмжийг хүлээн авсан баримт бичигт Д.Баттогтох дарга, дээрхи судалгааны байгууллагын төлөөлөгчид гарын үсэг зурж, Ш.Танака даргад гардуулан өглөө.
Хамтарсан зохицуулах хорооны хурлыг нээж, Д.Баттогтох дарга хэлэхдээ “САТРЕПС төслийн хүрээнд орчин үеийн өндөр үнэтэй судалгааны багаж төхөөрөмжийг Монголын талд нийлүүлсэн явдалд Монгол улсын Засгийн газар, БШУЯ-ны нэрийн өмнөөс Япон улсын Засгийн газар, “ЖАЙКА” болон бусад холбогдох байгууллагуудад талархал илэрхийлье. САТРЕПС төсөлд Монгол талаас тодорхой хувь нэмэр оруулах ёстой. Энэ хүрээнд САТРЕПС төслийн тодорхой зорилттой холбоо бүхий суурь судалгааны нэг төслийг бид дэмжсэн байгаа. Цаашид бусад зорилттой холбоо бүхий суурь судалгааны төсөл дэвшүүлбэл БШУЯ-наас дэмжлэг үзүүлж ажиллах болно” гэв.
Төслийн судалгааны 3 баг тус бүр 40 минутын илтгэл тавьж хэлэлцүүлэн, асуулт, хариулт, хэлэлцүүлэг идэвхтэй өрнөв. Хурлыг удирдан явуулсан Д.Баттогтох даргын зүгээс “Төслийн хүрээнд хийгдэж буй судалгааны ажлын үр дүнг амьдралд хэрэгжүүлэх, нийгэмд түгээн дэлгэрүүлэхэд нийгмийн шинжлэх ухааны салбарын эрдэмтдийг төсөлдөө татан оролцуулах нь чухал” болохыг цохон тэмдэглэв.
Хамтарсан хорооны хурлыг хааж, Ш.Танака дарга, төслийн ахлах зөвлөх, Токиогийн их сургуулийн профессор Т.Асами нар үг хэлэв. Ш.Танака дарга “Нийлүүлэгдсэн судалгааны багаж төхөөрөмжийг үр дүнтэй ашиглан, 2 талын хамтын ажиллагаа улам гүнзгийрч, төсөл үр дүнтэй хэрэгжинэ гэдэгт найдаж байна” гэв. Т.Асами багш “Дараа жил хийгдэх төслийн дунд хугацааны үнэлгээг ойрын зорилтоо болгон, судлаач бүр хичээн ажиллаж байгааг мэдэрч байна. Манай төсөл Монгол-Япон хоёр улсын хамтын ажиллагаа, тэр дундаа Монгол улсын шинжлэх ухаан, технологийн хөгжилд зохих хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна” хэмээн хэлснээр хурал өндөрлөлөө.