Японы шилдэг их сургуулиудын нэг Осака их сургуулийн Зүүн Азийн хамтын ажиллагааны төвийн дарга Комизо Ю-ичи тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Их Сургуулийн 80 жилийн ойн баярт уригдан ирж оролцлоо.
Осака их сургуулийн их сургуулийн төлөөлөгчид 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдөр МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Очирхуяг, Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Бадамдаш нартай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтын үеэр МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Очирхуяг тус сургуультай Монгол хэл, хүмүүнлэгийн салбараас гадна шинэ хамтын ажиллагаа хөгжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлж, хамтран ажиллах боломжийг эрэлхийлэн ажиллахаа илэрхийлэв. Үүнийг Осака их сургуулийн Зүүн Азийн хамтын ажиллагааны төвийн дарга Комизо Ю-ичи дэмжин ажиллахаа илэрхийлж, хамтын ажиллагаанд болон Монгол Улсын Их Сургуулийн 80 жилийн ойн баярт хүрэлцэн ирсэндээ талархалтай буйгаа онцлов.
Дэлхийн шилдэг их сургуулиудын нэг, дэлхийн 68-д жагсаж буй Осака их сургуультай МУИС анх 2000 онд хамтран ажиллах, оюутан солилцох гэрээ байгуулан ажиллаж ирсэн. 2021 онд хамтын ажиллагааны гэрээг шинэчилж, жилд 5 хүртэлх оюутан солилцох боломжтой болгон өргөтгөсөн. Гэрээний хүрээнд сургууль хооронд оюутан солилцооны хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна.
2022 оны 10 дугаар сарын 7-ны өдөр МУИС-ийн багш, оюутнуудад зориулан тус сургуулийн төлөөлөгчид МУИС-ийн АТС, ОТХ-тэй хамтран “Осакагийн их сургуульд суралцацгаая” танилцуулгыг МУИС-ийн Номын санд зохион байгуулсан.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС