Сөүлийн үндэсний их сургуулийн захирал МУИС-д айлчиллаа

Share Button

Сөүлийн үндэсний их сургуулийн захирал У Сэ-жун, Гадаад харилцаа хариуцсан дэд захирал Бернхард Эггер тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Их Сургуулийн 80 жилийн ойн баярт уригдан ирж оролцлоо.

2022 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын Их Сургууль үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойн Баярын хуралд МУИС-ийн гадаад хамтын ажиллагаатай байгууллагуудыг төлөөлөн Сөүлийн үндэсний их сургуулийн захирал У Сэ-жун мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр мэндчилгээндээ энэ хичээлийн жилд МУИС-Сөүлийн үндэсний их сургууль хооронд албан ёсны хамтын ажиллагаа тогтоосны 20 жилийн ой мөн тохиож буйг онцлоод, энэ хугацаанд хөгжүүлж ирсэн хамтын ажиллагааны олон санаачилгуудыг цаашид улам бүр бэхжүүлж ажиллахаа илэрхийлж, МУИС-ийн нийт хамт олонд ойн баярын халуун мэнд дэвшүүлэв.

Мөн Сөүлийн үндэсний их сургуулийн захирал У Сэ-жун, Гадаад харилцаа хариуцсан дэд захирал Бернхард Эггер, ажилтан Чой Жимин нар 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдөр МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Очирхуяг, Эрдэм шинжилгээний хэлтсийн дарга С.Должин, Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Бадамдаш нартай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын үеэр талууд өмнөх хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлж, мэдээллийн технологи, ой, байгалийн ухааны шинэ салбаруудад хамтын ажиллагаа хөгжүүлэхээр тохиролцов. Мөн 2020 онд байгуулсан хамтын ажиллагаа, оюутан солилцооны гэрээний хэрэгжилтийг эрчимжүүлэхээр тохиролцож, Сөүлийн Үндэсний их сургуулийн Захирлын нэрэмжит тэтгэлгийн талаарх шинэ мэдээлэлтэй танилцав.

Мөн 2022 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Сөүлийн үндэсний их сургуулийн захирал У Сэ-жун МУИС-д ажиллаж буй тус  сургуульд эрдмийн зэрэг хамгаалсан төгсөгчдийн төлөөлөлтэй уулзсан. 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Сөүлийн үндэсний их сургуулийн Гадаад харилцаа хариуцсан дэд захирал, компьютерын ухааны профессор Бернхард Эггер МУИС-ийн ХШУИС-ийн Мэдээлэл, компьютерын ухааны тэнхим болон Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн профессоруудтай тусгайлан уулзаж, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах боломжуудыг хэлэлцэв.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар