МУИС, БНСУ-ын Экологийн үндэсний хүрээлэн хоорондын хамтарсан төслийн уулзалт боллоо

Share Button

Монгол, Солонгос улсын хамтарсан “International Joint Research for Yellow Dust Storm Reduction through Restoration in Desertified Areas in East Asia (2022)” олон улсын хамтарсан төслийн эхний уулзалт 2022 оны 10-р сарын 17-ны өдөр боллоо. Уулзалтад МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч, доктор Д.Бадарч, Эрдэм шинжилгээний хэлтсийн дарга С.Должин, төслийн Монгол талын удирдагч Газарзүйн тэнхимийн эрхлэгч, профессор В.Батцэнгэл, Солонгосын Экологийн Үндэсний хүрээлэнгийн дэд захирал, профессор Lee Byung Yoon, төслийн Солонгос талын удирдагч, профессор Kim Namshin болон бусад 2 талын эрдэмтэн, судлаачид оролцлоо.

Зүүн хойд Азийн хүрээлэн буй орчны менежментийг сайжруулах зорилготой Солонгос, Хятад, Япон улсын байгаль орчны сайд нарын “Гурван талт уулзалт”-ыг 1999 оноос тасралтгүй жил бүр явуулж ирсэн. Энэхүү жил бүрийн уулзалтаар байгаль орчны үндсэн 8 чиглэлээр хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. 2008 оноос сайдын нарын уулзалтад “Шар шороон шуургыг судлах” ажлын хэсэг (WGI, WGII)-үүд ажиллаж эхэлсэн бөгөөд талууд судалгааны үр дүнгээ нээлттэй солилцох санаачилга эхлүүлсэн билээ. Солонгосын Экологийн Үндэсний Хүрээлэн (ЭҮХ) нь шар шороон шуурганы хоёрдугаар ажлын хэсэг (WGII)-ийн үндсэн судалгааны байгууллага бөгөөд шар шороон шуурганы эх үүсвэрийг тодорхойлох, эрсдэлийг бууруулах чиглэлд хамтарсан судалгааны ажлууд хэрэгжүүлж байна.

Энэ санаачилгын хүрээнд МУИС болон ЭҮХ хооронд харилцан ойлголцлын санамж бичигт 2022 оны 7-р сарын 26-ны өдөр хоёр байгууллагын удирдлагууд гарын үсэг зурж баталгаажуулсан.

Хамтарсан төслөөр Монгол орны шар шороон шуурганы мониторинг, суурин судалгааны бааз байгуулах, шороон шуурганы эрсдэлийг бууруулахад чиглэсэн ургамал тарималжуулалтын туршилт судалгаа хийх зэрэг судалгааны ажлуудыг 2 жилийн хугацаанд хийхээр төлөвлөөд байна. Талууд судалгааны үр дүнг нээлттэй солилцох, олон улсын сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх, судлаач солилцоо зэрэг олон үр дүн гаргахаар төлөвлөж байна.

Төслийн хүрээнд хамтарсан судалгааны баг шар шороон шуурганы газрын хэмжилтийн мониторинг хийх судалгааны талбайг сонгох, хээрийн судалгааны ажлыг эхлүүллээ.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар