МУИС-ийн Экологийн боловсролын төвөөс ХБНГУ-ын Ханнс Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар, УИХ-ын гишүүн, Монгол улсын сайд Ж.Сүхбаатар болон УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нартай хамтран МУИС үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойг угтаж “Өсвөр үеийнхэн: Байгаль орчин ба хууль” төслийг энэ оны 4-р сараас хэрэгжүүлж эхэлсэн билээ. Бид энэ 7 хоногт намрын ээлжийн хүүхдүүдээ хүлээн авснаар нийт 5000 өсвөр наснынхныг сургалт-аялалдаа хамруулж төслөө амжилттай хэрэгжүүллээ.
Төслийн хүрээнд хүүхдүүдийн сургалтын төлбөрийг Ханнс-Зайделийн сан 100% ивээн тэтгэж ийнхүү 5000 өсвөр насны сурагч манай сургалт-аялалд үнэ төлбөргүй хамрагдаж экологийн болон хүрээлэн буй орчны эрх зүйн анхан шатны боловсролтой болж байна.
Тэрчлэн төслийн үйл ажиллагааг Чингэлтэй дүүргээс УИХ-д сонгогдсон, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар дэмжин ажиллаж дүүргийнхээ 8-р ангийн 4500 хүүхдийг сургалт-аялалд хамруулан, автобус унааны зардал болон ерөнхий зохион байгуулалтын асуудлыг хариуцан ивээн тэтгэж ажиллав. Тэрээр өсвөр үеийнхэнд тогтвортой хөгжлийн боловсрол олгох үйл ажиллагааг ийнхүү Чингэлтэй дүүргийнхээ хүүхдүүдээс эхлэн амжилттай түүчээлэн хэрэгжүүллээ. Мөн УИХ-ын гишүүн Х.Булгантуяа төслийг дэмжин хамтран ажиллаж Баянзүрх дүүргийн 500 хүүхдэд энэхүү сайхан боломжийг олгож сургалт-аялалд хамруулсан юм.
Төсөлд хамрагдсан хүүхдүүд “Үрийн аялал”, “Манай музейн амьтад”, “Танин мэдэхүйн хүлэмж”, “Үл үзэгдэгчдийн мөрөөр” зэрэг сонирхолтой өртөөгөөр аялж байгалийг бодит орчинд нь бүх мэдрэхүйгээр мэдэрч танилцсанаас гадна байгаль орчны хууль, эрх зүйн “Амьд үлдээгээч!” өртөөгөөр аялж хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн хор хохирол, торгууль шийтгэл, түүнээс сэргийлэх аргатай танилцан анхан шатны мэдлэг, мэдээлэлтэй боллоо. Энэхүү өртөөг Экологийн цагдаагийн албаны ажилтан хөтлөн явуулсан нь зочин хүүхдүүдэд бас нэгэн сонин содон үйл явдал болов.
Төсөлд хамрагдсан өсвөр үеийнхэн энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж, ийм гоё газартай танилцан аялах нөхцөлөөр хангаж өгсөн, нэгэн өдрийг баяр хөөр дүүрэн, байгалийг бүх мэдрэхүйгээр ойроос мэдэрч өнгөөрөөн, богино хугацаанд, сонирхолтой аргаар, хөгжилтэй, сайн багш нараар хичээл заалган их мэдлэг олж авч, таньж мэдэж суралцах боломж олгосон бүх хүмүүс, албан байгууллагад баярласан талархсанаа олон мянган захидал, сэтгэгдлээр болон биечлэн илэрхийлж байсныг баяртайгаар уламжлахад таатай байна.
Монголын ирээдүй болсон олон мянган хүүхдэд хэзээ ч мартагдахгүй үнэ цэнтэй дурсамж бүтээлцэж, танин мэдэхүйн гэгээн хүсэлд хөтлөх гүүр болсон төслийг дэмжигч, ивээн тэтгэгч, хамтран ажиллагчдад болон төслийг амжилттай хэрэгжүүлэхэд гар бие оролцсон бүх хүнд баярласан талархсанаа илэрхийлье.
ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Ф.Гленк: Хүүхдүүд бол бидний хойч ирээдүй. Тиймээс тэдэнд, тэр тусмаа өсвөр үеийнхэнд байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, хүрээлэн буй орчны эсрэг гэмт үйлдэл хийхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр боловсрол олгох нь тун чухал юм. Ханнс-Зайделийн сан хууль, эрх зүйн салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллага бөгөөд энэ жилээс байгаль орчны эрх зүйн чиглэлээр шинэ төслийг эхлүүлээд байна. Энэ төслийн хүрээнд бид Экологийн боловсролын төвтэй хамтарч энэхүү сургалт-аяллыг зохион байгуулж буй бөгөөд төслийн үр дүнд өсвөр үеийнхэн экологийн боловсролтой болохоос гадна хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг, мэдээлэлтэй болж байгаль орчны хууль, эрх зүйн тодорхой ойлголттой болох юм.
Төсөлд дүүргийнхээ 4500 хүүхдийг ивээн тэтгэж хамруулсан УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар: Манай улсад ургамал, амьтдыг нэг дор амьдаар нь харах газар цөөн. Гэтэл Улаанбаатар хотод ийм амьд орчин бүрдүүлсэн орчин байдгийг нүдээрээ үзээд би ч хүртэл өөрөө их гайхаж олзуурхсан. Дүүргийнхээ хүүхдүүдтэй эхлээд өөрөө хамт явж өртөөнүүдээр аялж үзлээ. Энд шувууны жиргээ сонсогдож байна, лимоны навч үнэрлүүлж байна. Шууд амьд мэдрэмж авч байна. Хүүхдэд байгаль дэлхийтэйгээ ойрхон байх бололцоо бүрүүлсэн ийм амьд орчинд хүүхдүүд орж ирж танилцаж байгаа нь танин мэдэхүйн маш их ач холбогдолтой. Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт тулгамдсан асуудал болоод байгаа энэ үед байгаль, экологийн талаар хүүхдэд боловсрол олгоно гэдэг маш чухал зүйл. Ийм ч учраас дүүргийнхээ 8-р ангийн голдуу 4500 хүүхдийг энэ аялалд хамруулахыг зорьж байгаа. Хууль, шүүхийн шинэчлэл, эрх зүйн боловсрол олгож ирсэн ХБНГУ-ын Ханнс Зайделийн сан 30 жилийн ойн босгон дээрээ шинэ төсөл хэрэгжүүлж эхэлж байгаа. Хууль, шүүхийн шинэчлэл, эрх зүйн боловсрол олгох ажил хийдэг энэ байгууллага энэ удаад байгаль орчны боловсролыг дээшлүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа. Тус байгууллагатай эрх зүйн чиглэлээр хамтарч ажилладаг хүний хувьд энэ шинэ төслийг дэмжин ажиллаж, өсвөр үеийнхнийхээ экологийн болон эрх зүйн, тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжин ажиллаж байна.
Төслийн удирдагч Др.Р.Сүнжидмаа: Юуны өмнө энэхүү төслийг ивээн тэтгэж дэмжин ажилласан ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар болон УИХ-ын эрхэм гишүүн Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа нарт гүнээ талархаж байна. Ж.Сүхбаатар гишүүн дүүргийнхээ 4500 хүүхдийг энэ төсөлд хамрууллаа. Энэ бол маш их тоо. Төдий чинээ олон хүүхдийн оюунд гэрэл асааж, танин мэдэх хүсэл эрмэлзлийг нь бадраасан гэсэн үг. Төсөлд хамрагдсан хүүхдүүд “Урьд нь хэзээ ч үзэж байгаагүй зүйлээ үзлээ. Байгаль гэж ямар гайхамшигтай юм бэ? Би энэ сургуульд сурмаар байна. Магадгүй би ийм мэргэжилтэй болох байх аа. Үнэхээр гайхалтай. Маш сонирхолтой, маш гоё. Үнэхээр гоё, үнэхээр сонирхолтой. Олон хүүхэд үзээсэй. Бидэнд ийм боломж олгосонд маш их баярлалаа” гэх мэтээр олон мянган сэтгэгдэл ирүүлсэн байгаа. Тэдний баяр хөөр дүүрэн харц, халуун дулаан үгтэй талархлын сэтгэгдлүүдийг манай сайтаас үзэж, төслийн үр дүнг дүгнэн харж болно. Ж.Сүхбаатар гишүүн өөрөө мөн манай өртөөгөөр дүүргийнхээ хүүхдүүдтэй хамт аялж, хүүхдүүд ямар хөтөлбөрөөр, ямар өртөөгөөр аялж, юу үзэж, юу мэдэрч, юуг ямар аргаар яаж сурч авч байгаатай биечлэн танилцсанд бид их баяртай байгаа. Төслийн ивээн тэтгэгчид энэ үйл ажиллагаагаараа өсвөр үеийнхний сурч боловсрох, танин мэдэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа гэж би дүгнэж байна. Тэд маш сайхан үйлийг эхлүүлж, маш сайн жишиг тогтоолоо. Тэдний дэмжлэгээр бид энэхүү сургалтад тэр бүр хамрагдаж чаддаггүй, хол сургуулиудын олон мянган хүүхдэд хүрч ажиллан, тэдэнд байгалийн гайхамшгийг мэдрүүлж, танин мэдэх эрмэлзлийг нь бадрааж чадлаа. Энэ сайхан жишгийг хойшид олон хүн, байгууллага дэмжин, дүүргийнхээ хүүхдүүдийг манай танин мэдэхүйн аялал-сургалтад хамруулж хамтран ажиллаасай гэж хүсэж байна.