Уругвай Улсын Элчин сайд, ноён Фернандо Лугрис тэргүүтэй төлөөлөгчид МУИС-д зочиллоо

Share Button

МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Бадарч Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсаас Бээжин хотод Монгол улсыг хавсран суугаа Элчин сайд Фернандо Лугрис, II нарийн бичгийн дарга Гонзала Кастилло нарыг энэ сарын 7-нд хүлээн авч уулзлаа. 

Уулзалтаар талууд Монгол Улс, Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улс дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн баяр, хоёр улсын үндэсний сургуулиудын хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд харилцан санал солилцов.   

Уулзалтын эхэнд Уругвайн Элчин сайд Фернандо хоёр улс дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн баярын мэндийг хүргээд 80 жилийн түүхтэй Монгол улсын түүх соёл, нийгмийг хөтлөгч, олон оюутныг бэлтгэн төгсгөсөн Монгол улсын үндэсний, ууган сургуульд зочлон ирж байгаадаа туйлын баяртай байгааг илэрхийллээ. Хоёр улсын хувьд адил төстэй олон хүчин зүйл нэгтгэж байдаг, тухайлбал,  хоёр улс газарзүйн хувьд 2 туйл гэхээр хол зайтай орнууд хэдий ч нийтлэг зүйл олон байдаг. Хөдөө аж ахуйд суурилсан эдийн засагтай, тэр дундаа адууны тоогоор дэлхийд дээгүүрт ордог, геополитикийн хувьд хоёр том хөрштэй хиллэн оршин тогтнож, ардчиллыг хөгжүүлж буй цөөхөн хүн амтай, жижиг улс гэдгээрээ төстэй зүйл олонтой, бие биеэсээ суралцах зүйл ихтэй улсууд. Ардчиллын тогтолцоо хөгжүүлж буй утгаараа НҮБ-д ижил байр суурьтай, байнга бие биеэ дэмжиж, батлан хамгаалах тал дээр түлхүү ажиллаж ирсэн бол ирээдүйд боловсрол, соёлын чиглэлээр хамтран ажиллах, үйл ажиллагаагаа идэвхжүүлэх хүсэлтэй байгаа. Уругвай улс ХАА газар тариалангийн салбар хамгийн их хөгжсөн, усалгаа усалгааны системийн арвин туршлагатай, эдгээр чиглэлийн их сургуулиуд хамтран ажиллах бүрэн боломжтой гэлээ. 

Түүнчлэн эрхэм захиралтай уулзаж буй завшааныг ашиглаад Дорнын Бүгд Найрамдах Уругвай улсын Үндэсний их сургууль болох Уругвайн үндэсний их сургуультай хамтран ажиллах болсонд талархал илэрхийлээд Уругвайн үндэсний их сургуулийн Ректорын мэндчилгээ, урилгыг МУИС-ийн Захиралд уламжиллаа. Үргэлжлүүлэн Уругвайн үндэсний их сургууль нь Уругвай улсын тусгаар тогтносон үетэй зэрэгцэн байгуулагдсан 200-аад жилийн түүхтэй, сургалт, судалгааны чанараар тэргүүлэх их сургууль болж, QS дэлхийн их сургуулиудын 2023 оны эрэмбээр 751-д жагссан, Латин Америкийн шилдэг их сургуулиудын нэг бөгөөд төрийн өмчийн, төлбөргүй сургууль гэдгээрээ онцлогтой, цаашдаа их сургууль хоорондын хамтын ажиллагааг дэлгэрүүлэхэд МУИС-ийн испани хэлний хөтөлбөр чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа цохон тэмдэглээд, хоёр улсын найрамдалт харилцаа, Уругвайн соёлын талаарх мэдлэгийг олон нийт, монгол иргэд, оюутан залууст таниулах зорилгоор испани хэл дээрх ном товхимлуудыг МУИС-д бэлэглэв.  

Loader Loading...
EAD Logo Taking too long?

Reload Reload document
| Open Open in new tab

Татах [2.04 MB]

МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч, доктор Д.Бадарч Элчин сайдын мэдээлэлд талархсанаа илэрхийлээд МУИС-ийн испани хэлний сургалтын хөтөлбөр 10 жилийн өмнөөс эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар испани хэл суралцах сонирхолтой оюутан залуусын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа нь хэрэгцээ шаардлага байгааг илтгэж байна гэлээ. Тэрээр хоёр улсын үндэсний их сургуулиудын хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хоёр орны эрдэмтэн, судлаачид хамтран ажиллах, оюутан солилцох, хэл соёлын харилцааг хөгжүүлэх нь талуудын хамтын ажиллагааны үндсэн чиглэл болохыг онцлов. Дээрх үндсэн чиглэлийн хүрээнд хөдөө аж ахуй, байгалийн ухааны чиглэлээр өндөр чадамжтай судлаачид МУИС-д олон байдаг бөгөөд дэлхийн хэмжээний судалгаа, шинжилгээний ажилд хамтрах бүрэн боломжтой, тухайлбал, хоёр орны нийтлэг баялаг болсон адуутай холбоотой өндөр түвшний судалгаанд манай профессор оролцсон. Адууны кодчиллын судалгааны талаарх олон улсын судалгаа, адуутай холбоотой дараалсан гурван өгүүлэл Science, Cell, Nature гэсэн нэр хүнд бүхий гурван сэтгүүлд хэвлүүлсэн талаар сонирхууллаа.  

МУИС-ийн захирал Уругвайн Элчин сайдад  хандан МУИС-д айлчлан, хоёр орны боловсрол, соёлын харилцааг дэмжин ажиллаж буйд талархал илэрхийлээд, цаашдын ажил үйлст нь амжилт хүсэв.   

2022 оны 12 сарын 9-ний өдөр МУИС-ийн испани хэл соёл сонирхогч оюутан залууст зориулсан лекцийг зохион байгууллаа. 

 

Уругвайн үндэсний их сургуулийн тухай 

Монгол Улсын Их Сургуулийн гадаад хамтын ажиллагаатай бүс нутгийг өргөтгөх зорилтын хүрээнд Уругвайн үндэсний их сургуультай (Universidad de la República) шинээр хамтын ажиллагаа тогтоож, санамж бичиг байгууллаа. 

Уругвайн үндэсний их сургууль нь Уругвайн нийслэл Монтевидео хотод байрладаг, 1849 онд байгуулагдсан төрийн өмчит их  сургууль юм. Тус сургууль нь сургалт, судалгааны чанараар Уругвайн тэргүүлэх их сургууль бөгөөд QS дэлхийн их сургуулиудын 2023 оны эрэмбээр 751-д жагссан, Латин Америкийн шилдэг их сургуулиудын нэг юм. Тус сургууль нь бүрэлдэхүүн 16 сургуульдаа байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухаан, бизнес, технологи, инженерчлэлийн чиглэлийн бакалаврын 187, магистрын 94 болон докторын 33 хөтөлбөр хэрэгжүүлдэг, нийт 145,000 гаруй оюутан, 20,000 гаруй багш, ажилтантай.   

Шинээр байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хоёр их сургууль цаашид хамтарсан сургалт, судалгааг дэмжих, эрдэм шинжилгээний бүтээл, судалгааны материал, багш, оюутан солилцох, нэгж хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх зэргээр хамтран ажиллахаар боллоо.  

Уругвайн үндэсний их сургуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://udelar.edu.uy/portal/ холбоосоор нэвтэрч үзнэ үү.   

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар